Амжилтанд хүрэхийн тулд бусдад өөрийгөө “худалдаж” чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө худалдаж чадах эсэх нь яг үнэндээ хувь хүний имиджээс шалтгаалдаг. Бараа бүтээгдэхүүнээр ярих юм бол сурталчилгаа хэр сайн байна түүнийг дагаад борлуулалт өсдөг шиг таныг үнэлэх үнэлэмж имиджээр тань тодорхойлогдоно. Нэг ёсондоо имидж гэдэг таны сурталчилгаа юм.
Имидж гэж чухам юу вэ, бас юу биш вэ?
Имидж гэдэг бол Таны тухай бусдын ойлголт. Тэр ойлголт заавал үнэн байх албагүй, голдуу өнгөцхөн дүгнэлтүүд байдаг. Өөрөөр хэлбэл таны тухай ойлголт бусдаас сонссон дам яриа, анхны сэтгэгдэл, өөрт нь төрсөн мэдрэмж дээр тулгуурладаг. Тиймээс хүн бүрийн дүгнэлт, ойлголт, хувийн мэдрэмж нийлээд таны имиджийг бүрдүүлдэг гэж ойлгож болох юм. Энд нэг зүйлийг санаарай. Тэдний ярьж байгаа “чи” бол жинхэн чи байх албагүй.
Яагаад имидж чухал гэж?
Нийгмийн амьдрал бүхэлдээ хүмүүсийн харилцаа, харилцан үйлчлэл дээр явагддаг. Бусад хүмүүсийн үзэл бодол, сэтгэгдлийг харгалзахгүйгээр тэдэнд нөлөөлж амжилтанд хүрнэ гэж байхгүй. Наанадаж тэд танд итгэл үзүүлж, тантай хамтран ажиллахад ямар нэг асуудал үүсдэггүй гэсэн анхны ойлголттой байх хэрэгтэй. Хэрэв таны тухай сөрөг ойлголттой байдаг бол яаж таныг тушаал дэвшүүлж, хэрхэн танд итгэл үзүүлэх билээ.
Имиджийг нэр хүнд гэж бас ойлгож болно. Хэдий тэр хүн өмнө нь тантай огт уулзаж байгаагүй ч таны нэр хүндийн тухай ойлголт хэдийн хүрсэн байдаг. Магадгүй тэр сониуч зангаар хамт ажилладаг хүнээс тань “Түүнийг хэр сайн мэдэх вэ?” гэж асууна. Хариулт нь мэдээж таны тухай хүмүүсийн нийтлэг ойлголт, имидж байх болно. Тиймээс имидж хүнээс хүнд дамжиж байдаг халдварлах шинж чанартай гэдгийг ойлгоорой.
Имидж хэрхэн хөгжиж бас өөрчлөгддөг вэ?
Бид өдөр бүр хүмүүстэй харилцдаг. Найз нөхөд, бизнесийн түнш, хамтран ажиллагсад, дарга удирдлагууд гээд заримтай нь нүүр тулан уулзаж, заримтай нь утас, интернэтээр холбогддог. Энэ бүх харилцаа таны имиджийг өсгөх, өөрийнхөө тухай эерэг ойлголт төрүүлэх том боломж. Эсрэгээрээ анхаарал болгоомжгүй үйлдэл гаргаснаараа өөрийн нэр хүндийг унагаж, эерэг имиджийг нурааж болох юм.
Учир нь харилцааны туршид гаргаж байгаа үйлдэл бүр хандлага, ур чадвар, үзэл бодол, хэр төлөвшсөн зэргийг нөгөө хүнд мэдээлж байдаг. Ялихгүй жижиг үйлдэл, богино харилцан яриа хүртэл таны тухай сэтгэгдлийг бий болгодог. Хамт ажиллагсадтайгаа илэн далангүй, өөрийнхөөрөө байж байна гээд бүдүүлэг хараалын үг, зохисгүй үг хэллэг, тэнэг хошигнолыг санаатай ч бай, санаандгүй ч бай хэрэглэчихдэг тохиолдол бий. Ер нь өдөр бүр уулздаг, албан тушаал ойролцоо хүмүүстэйгээ бид ямар ч хэм хэмжээнд баригдалгүй харилцдаг. Хэдий хэвийн зүйл мэт хүлээж авах ч энэ тохиолдолд таны нэр хүнд, имидж буурч байдаг гэдгийг анхаараарай. Нөгөө талаар таны одоо харилцаж байгаа хүн таньтай ахиад таарахгүй, огт хамаагүй хүн байж болно. Энэ тохиолдолд бид бас алдаа гаргах магадлалтай. Дараа энэ хүн надад хэрэг болно, болохгүй эсвэл энэ хүн надад хамаагүй гэж бодохгүйгээр зүгээр л анхааралгүй ханддаг. Гэтэл хожим тэр хүн хамгийн шийдвэрлэх мөчид тулгарах, үгүй гэхэд хамтран зүтгэгчийн тань танил байж болно. Түүний сэтгэгдэл хамтран зүтгэгчид тань нөлөөлөхгүй гэж үү. Магадгүй та хүн болгон тийм байх албагүй гэж бодож байж болох юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр харилцаа болгон дээрээ эерэг хандлага, хүндэтгэлийг эрэлхийлж, жижиг зүйлсийг хүртэл анхаарч байх. Шууд харилцаанаас илүү хоёрдогч этгээдийн дүгнэлт бусдад илүү нөлөөлдөг гэдгийг ойлгоорой.