Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээн энэ сарын 6-нд ХБНГУ-ын Бремен хотын “ÖVB Arena” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Тус тэмцээнд өнөө жил манайхаас Монголын бүжгийн спортын холбооны “Star”, “Moon dance” гэсэн хоёр хамтлаг анх удаа оролцохоор болжээ. Бүжгийн спортын өлгий нутаг гэгддэг Орос, Герман, Польш, Австри, Унгар тэргүүтэй Европын шилдэг арван орны бүжигчидтэй тэд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх юм байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарын цагаар энэ сарын 7-ны 03.25 цагаас эхлэх бөгөөд хагас финал, финалын тоглолтуудыг www.radiobremen.de. сайт шууд дамжуулах бөгөөд Монголын бүжигчдээ дэлхийн тавцанд хэрхэн өрсөлдөж байгааг та бүхэн эндээс харах боломжтой.