Он солигдох мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг билээ. “АЛТАН САРНАЙ-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болно. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг. Энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “БИД НЭГ МОНГОЛ” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.
Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ САНАЛ АСУУЛГААР шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчлах нь “АЛТАН САРНАЙ-2014” наадмын зорилго аж. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Тухайлбал:
1. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
2. Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
3. Спортын салбарын оны онцлох хүн
4. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
5. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
6. Бизнесийн салбарын оны онцлох хүн
7. Дэлхийн монгол хүн
Тиймээс оны онцлох хүнээр тодруулах хүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг www.altansarnai.mn сайтад байршуулж, дэмжиж буй хүнийхээ төлөө саналаа өгөхийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос олон нийтэд уриалж байна.