Монголын анимейшн урлагийг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын урлагийн зөвлөл, СУИС-ийн Радио телевизийн сургуулийн медиа урлагийн тэнхим хамтран “Гэрэлтэй ширээ” анимейшн сургалт зохион байгуулжээ. Туркийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр явуулсан сургалтын хүрээнд Истанбулын “Кофф” анимэйшн студийн уран бүтээлч Мустафа Өзкан 14 хоногийн хичээл заасан байна. Сургалтад хамрагдсан 26 оюутан 3-5 хүнтэй багт хуваагдан богино хэмжээний анимейшн хийснээ өнгөрсөн долоо хоногт дэлгэжээ. Мустафа Өзкантай ярилцсанаа хүргэе.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Малтепелегийн их сургуулийн анимейшний анги төгсөөд, Билги их сургуульд кино урлагийн чиглэлээр магистраа хамгаалсан. Тус их сургуульд анимейшний багш, Туркийн үндэсний телевизийн “Миний найз Биди” хүүхдийн нэвтрүүлгийн анимейшн бүтээлчээр ажиллаж байсан.
-Яагаад анимейшн уран бүтээлч болсон юм бэ?
-Ухаан орох цагаасаа л зураг зурдаг байсан учир Анатоляагийн соёл урлагийн бага сургуулийн зургийн анги дүүргэсэн. Бас кино урлагт хайртай. Миний сонирхдог хоёр төрлийг нийлүүлсэн салбар болохоор анимейшнийг сонгосон. Кинонд жүжигчид дүр бүтээж, зураглаач үйл явцыг камерт бичин, найруулагч найруулдаг. Харин анимейшн уран бүтээлч дуу дүрс, дүрийг өөр өө амилуулдгаараа гайхалтай.
-Туркт анимейшн хэзээнээс хөгжсөн бэ?
-1960-аад онд Туркт үүссэн ч, 1980-аад оноос эрчимтэй хөгжиж, реклам болон бо гино хэмжээний кино хэлбэрээр дэлгэрсэн.
-Туркийн анимейшн юугаараа онцлогтой вэ?
-Манай улсад хүүхдэд зориулсан телевизийн сувгууд сүүлийн үед олширч байгаа. Хүүхдийн сувгуудаар гарч буй анимейшний 20-иос доошгүй хувь нь үндэсний бүтээл байх ёстой гэсэн хууль саяхан гарсан. Ингэснээр хүүхдийн сувгууд анимейшн хийдэг студиуд руу хандах нь ихсэж, тэр хэрээр ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэмэгдсэн. Анимейшний студиуд төслөө бичээд хүүхдийн сувгуудад ханддаг. Туркийн газар нутагт болж буй үйл явдал болон эх орныхоо соёлыг харуулсан бүтээлийн төслийг манай хүүхдийн сувгууд илүүтэй дэмждэг. Ийм учраас сүүлийн үеийн анимейшнуудад Оттаманы эзэнт гүрний талаар өгүүлж, Туркийн уламжлалт зураг буюу миниатюр төрлийн хээ угалзны дүрслэл шингээх нь элбэг болсон.
-Танай улсын хуульд хүүхдүүдэд үзүүлэхийг хориглосон зүйлсийн тухай заалт байдаг уу?
-Хүүхдийн сувгуудын төсөл сонгон шалгаруулах багт хүүхдийн боловсролын судалгааны ажилтан байдаг. Хэдийгээр хуулиндаа ийм, тийм зүйл хориглоно гэж нарийн заагаагүй ч хүүхдийн боловсролын ажилтнууд төсөл үзээд хэдэн насны хүүхд үүдэд зориулсныг тогтоож, тэдний боловсрол, хөгжилд юу хэрэгтэйг зөвлөн, юу оруулж болохгүйг хянадаг.
-Анимейшн чиглэлээр суралцдаг оюутнуудад хоёр долоо хоногийн хугацаатай хичээл орохдоо юу заасан бэ?
-Анимейшн хийнэ гэдэг кино бүтээнэ гэсэн үг. Тэгэхээр юун түрүүнд хар зураг, төл өвлөгөө хэрхэн бэлдэх, камерийн аль өнцгөөс харуулахад үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлдэг зэргийг хэлж өгсөн. Оюутнууд хичээлдээ үзсэн бүхнээ хийх бүтээлдээ ашиглахыг хүсдэг. Ингэснээр сэтгэл хөдлөлд өө автаж, дийлж баршгүй хэцүү төсөл бэлдэн үргүй ачаалал өөртөө өгдөг. Тиймээс үзэгчдэд ямар нэгэн түүх, санааг яаж нуршилгүй, товчхон хэрнээ час хийсэн байдлаар хүргэж болох тухай заасан.
-Таны бодлоор энэ урлагийг Монголд хөгж үүлэхэд юу шаардлагатай байна вэ?
-Хамгийн чухал нь төсөв. Бүрэн хэмжээний анимейшн хийхэд асар их хөрөнгө шаарддаг. Анимейшнийг ганцхан хүн суугаад хийдэг юм биш, энэ бол багийн ажил. Анимейшний нэг секундын хөдөлгөөнийг бүтээхэд л 25 зураг зурдаг. Анимейшн хийдэг программ ашиглаж сурлаа гээд уран бүтээлч болчихгүй. Хийх зүйлдээ уран бүтээлч сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. СУИС-ийн Радио телевизийн сургуульд Медиа урлагийн тэнхим нээгдээд гурван жил болж байгаа юм билээ. Ийм төрлийн сургалт явуулдаг Монголын анхны тэнхим гэсэн. Энэ салбарыг хөгж үүлэхээр гаднаас багш нар урьж төрөл бүрийн сургалт зохион байгуулж байгаа нь Монголд анимейшн урлагийг хөгжүүлэх том алхмуудын нэг. Магадгүй 10, 20 жилийн дараа энэ чиглэлээр төгсөгчид Монголын анимейшний түүхэнд нэрээ бичүүлэх байх. Би Монголд ирэхээсээ өмнө танай улсын түүх соёлыг судалсан юм. Олон төрлийн шашинтай, олон ястантай, түүх, соёлын баялаг ихтэй улс юм билээ. Тиймээс анимейшн хийхдээ түүх, соёлын олон давуу талаа харуулаасай гэж монголчуудаас хүсэж байна.
Б.ДӨЛ