Монголын дизайнеруудын хол-боо, “Шилмэл загвар” компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2015” загварын наадам 26 дахь жилдээ болж байна. Энэ жилийн наадам Монголын загварын долоо хоногоор “Blue Sky”-н “Crystal” танхимд арваннэгдүгээр сарын 29-нд эхэллээ. Загварын долоо хоногийн салхийг үслэг эдлэлийн шоу хагалж, Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг загвар өмсөгчдийг тэргүүлэн тайзнаа алхсан юм.
Дараагийн өдөр нь “Монголжингоо”, “Bess Tailor”, DFD загварын товчооныхон бүтээлээ танилцуулав. Өмнөх жилүүдийн “Гоёл” наадмаар шилдэг загвар өмсөгч, дизайнерыг тодруулдаг байсан бол энэ жил шилдэг үсчин, зурагчин, нүүр будагчийг шалгаруулахаар болжээ. Түүнчлэн шилдэг оролцогчид нь Итали улсад зохиогдох олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болох аж.
АНУ-ын супер модель Ева Потева “Гоёл” наадамд оролцохоор болсон нь энэ жилийн наадмын нэгэн онцлог болж буй. Тэрбээр Монголын 80 гаруй загвар өмсөгчидтэй нэгэн тайзнаа алхаж, манай дизайнеруудын хувцсыг өмсөх юм. “Гоёл-2015” наадамд 40 гаруй хувцас загварын агентлаг, салон, үйлдвэр оролцож байгаа бөгөөд тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” шагналын төлөө өрсөлдөнө. Наадмын шилдгүүд энэ сарын 3-нд Соёлын төв өргөөнд тодорно.
Г.ОЮУНТОГТОХ