Монголын Урлагийн Зөвлөл нь (МУЗ) СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн
Сургуультай хамтран Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус
салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын
хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор, Туркийн Элчин Сайдын Яам, Туркиш
Эйрлайнс, Говь Ресторан, Алтан Бийр компанийн дэмжлэгтэйгээр “Гэрэлтэй ширээ”
анимэйшн кино сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь Турк
Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярыг тэмдэглэх
хүрээнд явагдсан бөгөөд Туркийн анимэйшн уран бүтээлч Мустафа Өзканыг Монголд
урьж, 2 долоо хоногийн сургалтыг Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн 20
оюутан, 5 багшид зориулж явуулсан юм. Мөн Мустафа Өзкантай хамтран тус сургалтыг
РТМУС-ын багш, уран бүтээлч Б.Ундрам, компьютер графикийн багш Ч.Болд-Эрдэнэ
нар амжилттай явуулж дууслаа. Энэ хугацаанд хүүхдүүд болон багш нар анимэйшн
бүтээх үндсэн онол, анимэйшн кино түүх, дүр бүтээлт болон агуулга хөгжүүлэлт,
орчин тойрон бүрдүүлэлт, цаг хугацаа, орон зайн ойлголт, кино зураг авалтын
хувьд дүрслэл, план тавилт, камерын харах өнцөг, хөдөлгөөн гэх мэт сэдвүүдээр
гүнзгийрүүлсэн агуулгаар суралцлаа. Сургалтын явцад оюутнууд багаар ажиллаж
өөрсдийн богино анимэйшн кино төслүүдийг хэрэгжүүлснээр сурсан онолын мэдлэгээ
бодит дадлагад суурилан баталгаажуулсан байна. Сургалтын хаалтын үйл ажиллагааны үеэр оюутнуудын сургалтын
явцад бүтээсэн анимэйшн богино кинонууд болон Туркийн шилдэг анимэйшн
кинонуудыг толилуулж, Туркийн Элчин сайд болон сургагч багш оюутнуудад
гэрчилгээ гардуулсан юм.