Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, алдарт уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин Али Насух Махруки гэрэл зургийн үзэсгэлэнгээ маргааш Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард өөрийн багийнхны хамт Монгол Улсад мотоцикльтой аялал хийсэн бөгөөд энэ үеэрээ олон сайхан гэрэл зураг авсан юм байна. Али Насух Махруки 1996 онд ууланд төөрөөд 14 хонож байсан хоёр залууг аварсныхаа дараа төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулжээ. Үүнээс хойш 150 гишүүнтэй болтлоо байгууллага нь өргөжиж, гамшигт нэрвэгдсэн 200-гаад хүний амь насыг аварсан байна. 1992-1994 онуудад ЗХУ-ын газар нутагт байрлах 7000 метрийн өндөр таван ууланд амжилттай авирч, “Уулын ирвэс” хэмээх цол авчээ. 1995 онд Эверестэд авирсан анхны Турк уулчин болсон тэрбээр 1996 онд дэлхийн хамгийн өндөр долоон ууланд авирч “Долоон өндөр” хэмээх төслийн хамгийн залуу 45 дахь тамирчнаар тодорсон билээ.
Монгол, Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд тэрбээр гэрэл зургийн үзэсгэлэнгээ хоёр өөр танхимд зохион байгуулах юм. Тухайлбал, энэ сарын 2-5-нд Урчуудын эвлэлийн танхимд, 8-12-нд ХААН банкинд байрлах “Улаан гэр” галерейд гаргах юм. Нээлтийн ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз болон албаны бусад хүн, урлаг, соёлынхон оролцоно.
Г.Гэрэл