“Хайрлаж дурлахгүй байвал өөрийгөө үхсэнд тооцож болно” хэмээн хэлснийх нь төлөө түүнийг нэг хэсэг хайрын шүлгийн мастер болгон цоллосон. Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн гэх мэт цол гуншин яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг илэрхийлэхгүй, бас иймэрх үү зүйлд хөөрч савсаганах хүн биш гэдгийг нөхөд нь хэлдэг. “Нямын зочин”-ы хойморт уригдсан түүний ярианаас та бүхэн тэр бол зүгээр л сэтгэл зүрхээ дагаж амьдардаг эгэл уран бүтээлч гэдгийг ойлгох болно.
-Дорноговь аймгаас төрсөн яруу найрагч, зохиолчид саяхан нутагтаа очиж “Дорнын чимээ” хэмээх уншигч, зохиолчдын уулзалт хийсэн гэсэн. Танай нутгаар сонин сайхан юутай вэ?
-Аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгч, яруу найрагч А.Байгалмаа санаачилга гаргаад, биднийг нутгийнхантай минь уулзуулсан юм. Эдийн засгийн хямрал гэж хаа сайгүй ярих болсон үед иймэрхүү арга хэмжээ зохиоход хэцүү л дээ. Сэтгэлтэй, хар зоригтой л хийх хүний ажил. Бас ч гэж аймаг орон нутаг, зарим хүмүүс дэмжсэн юм билээ. Аймгийн төвийн бүх сургуулиар орж, сурагчидтай уулзалт хийлээ. Орой нь уншигчидтай уулзацгаасан. Хүмүүс ам сайтай л байна гэнэ. Ойрд зохиогдоогүй ажил болоод тэр биз. Манай нутагт цэнгэг сайхан салхитай намар, өвлийн тунгалаг өдрүүд үргэлжилж байна лээ.
-“Зохиолч-уншигчдын уулзалт” их чухал арга хэмжээ байсныг хүмүүс ярьдаг. Сүүлийн жилүүдэд бараг уламжлал нь тасрах шахаад байсан энэ уулзалтыг хөдөөгүүр очиж хийж эхлээд байна. Хөдөөгийнхөн үүнийг их сайхан хүлээж авдаг гэдэг. Тэд яруу найраг, эх хэл, уламжлалт соёлдоо илүү ойр байгаа учраас тэр юм болов уу?
-Монголчууд угаасаа эх хэл соёл, уран зохиолдоо хайртай ард түмэн. Тэр нь дотогшоогоо, үнэт чанар луугаа илүү оршдог гэх үү дээ. Бид хөдөө орон нутаг руу уулзалтын урилгаар мэр сэр явж л байна. Ховд аймгийнхан гэхэд л саяхан утга зохиолын хоёр том цуврал арга хэмжээ зохион байгууллаа. Олон яруу найрагч, зохиолчид очиж бүх сум, сургуулиудаар орж уулзалт ярилцлага хийсэн. Тэндхийн удирдлагууд нь сэтгэл зүрхэндээ гэгээтэй, холын бодол ухаантай хүмүүс шиг байна. Одоо цагт боловсролтой хүн олон, бодол ухаантай нь харин тун цөөн болчихсон юмуу даа гэж бодогддог. Уг нь сэтгэлийн юм цөөрөөд ирэхээр хүнд утга уянга, эх хэл, уран зохиол л хань, бас гэрэл болно доо.
-Энэ арга хэмжээг хотод зохион байгуулбал яг өнөөгийн улаанбаатарчууд хэрхэн хүлээж авах бол. Хотод урлаг уран сайхны янз бүрийн арга хэмжээ өдөрт хэдэн арваараа болдог. Тэдгээрээс яруу найргийн үдшийг сонгоод очих нь хүмүүст ямар хэрэгтэй гэдгийг хэлж өгнө үү?
-Ямар хэрэгтэйг мэдрэмжтэй, ухаантай хүмүүс мэднэ ээ. Надаар хэлүүлэлтгүй. Харин залуустаа юм уншиж, сэтгэлийнхээ утсыг хөндөж чадахгүй явсаар унаган мэдрэмжээ унтрааж болохгүй гэдгийг л захья. Хүн бүхний дотор гэрэл гэгээ байгаа. Түүнийгээ нээнэ л дээ. Хамгийн гол нь найрагчид маань өөрсдөө хүн хүнээс илүү их төгөлдөр утгатай байх ёстой юм. Яруу найраг бичих, унших гээд л...
-Тийм чадваргүй хүмүүс бас байна уу?
-Хөөе, тийм байтлаа юм бичээд, уншаад байгаа хүмүүс бас байна шүү. Тэрүүхэндээ мундаг жөмбийгөөд... (инээв)
-Хүмүүс яруу найргийн шид, ач тусыг нь сайн ойлгохгүй, улам хөндийр өөд байх шиг санагдсан учраас дээрх асуултыг тавьсан юм шүү. Олон хүн яруу найргийг “Болор цом” наадмын нэр хүнд унаж байгаатай хольж хутгаад, үл ойшоох хандлагатай болоод байх шиг. Энэ хандлагыг хэн, хэзээ өөрчлөх юм бол?
-Яруу найргийг хэр зэрэг мэдэрч байна, ойлгож байна гэдгээр нь хүнийг хэмжиж болно.
-Монголын зохиолчдын эвлэл үйл ажиллагаандаа шинэ уур амьсгал нэвтрүүлэхгүй байна, залуусынхаа элдэв санаачилга, хүсэл эрмэлзлийг мэдэрч дэмжихгүй байна гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Ямар шинэ санаачилга, хаанаас гараад ирэв. Гол нь бүтээл шүү дээ. Түүнээс биш авьяас, уран бүтээлийн чанар чансааг улам хялбарчлаад, хөнгөн хөвсөргөн хандаад байвал уран зохиол юу болох вэ.
-Та яагаад сүүлийн үед чимээгүй байгаа юм бэ?
-Ямар чимээ?
-Шинэ уран бүтээл, ажил, амьдралын анир чимээ гээд л... Уучлаарай, таныг шинэ уран бүтээл туурвих тал дээр нэлээд “залхуу” хүн гэдэг юм билээ. Таван хэлээр яруу найргийн номоо хэвлүүлнэ гэснээс хойш дөрөв, таван жил өнгөрчихөж байгаа болохоор үнэн ч юм шиг?
-Би цаас эрээчих донтон биш хэрнээ их юм хийдэг хүн шүү. “Увидаст модны сүүдэрт”, “Хувилгаан уулын салхи”, “Талын бүргэд”, бас хайрын шүлгийн, дууны яруу найргийн гээд таван номоо удахгүй гаргана аа. Түрүү түрүүчийн “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” номууд маань нэг нь дөрөв, нөгөө нь хоёр удаагаа дахин хэвлэгдсэн. Намар Македон явахаасаа өмнө “Зам” шүлгийн номоо орос, англи, герман орчуулгатайгаар хэвлүүлж авч явлаа. Шинэ бүтээл хэвлүүлэх тал дээр яаруу хүн би биш ээ. Үнэн. Харин чиний яриад байгаа ном чинь тав биш, есөн хэлээр нийтдээ 81 шүлэгтэй гарах юм. Амьдралын тухайд гэвэл Эрдэнэ-Очир зовлон, жаргалын эрээн дээсээ томсоор л явна. Заримдаа ч дуугарахаас хүртэл дургүй хүрэх юм аа. Худлаа инээж сурмаар байх юм, даан ч чадахгүй нь. Худлаа уйлж бол бүр ч чадахгүй юм.
-Тэгэх шаардлага хэдийд илүүтэй тулгарах юм?
-Бусдыг ажиглаж байхад тийм зүйл алхам тутамд л мэдэгдэх юм. Үргэлж багтай явдаг хүмүүс ч байдаг юм биш үү.
-Македон гэснээс та Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцоод ирсэн. Тэндээс ямар богцтой ирсэн бэ?
-Бодлын богцтой ирсэн. Македон үнэхээр л түүх соёл, утга зохиолдоо дээд зэргээр анхаардаг улс юм билээ. Яруу найргийн гэх тодотголтой ордон, цэцэрлэг, гүүр тэнд байна. Г.Мэнд-Ооёо ахтай очлоо. Урьд нь 1987 онд Төрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа ах очиж байж. Түүнээс хойш энэ арга хэмжээнд манайхаас Г.Мэнд-Ооёо, Т.Эрдэнэцогт, Дан.Нямаа, Г.Аюурзана, Б.Галсансүх гээд найрагчид оролцож байсан түүхтэй юм билээ. Тэндээс тээж ирсэн тэмдэглэл, бодрол, шүлгүүдээ яваандаа аажим дэлгэнэ ээ. Македонд 50 гаруй орны яруу найрагчидтай танилцаж, номоо тараалаа. Струга, Охрид хотоос гадна наадмын төгсгөлд нийслэл Скопьед нь яруу найргийн уншлагууд зохиогдсон. Тэнд Намдагжанчивын Лийтэв гэж ах байна. Бүр тус улсын хүн ардын хүндэтгэлийг хүлээсэн хүн юм. Монголоос Болгарт суугаа Элчин сайд Л.Дүгэржав гуай бас бидэн дээр ирсэн. Бид ч тэнд их пээдгэр байсан даа (инээв). Пабло Неруда 1972 онд тус наадамд түрүүлээд тарьсан модных нь дор зургаа татуулж явахад сайхан л санагдаж байв. Өнөө жилийн наадамд Солонгосын яруу найрагч Ко Ун түрүүлж “Алтан титэм”-ээ хүртээд, өөрийнхөө дурсгалын модыг тариад явна лээ. Энэ дашрамд гэдэг шиг, шүлгүүдийг маань орчуулсан В.Цогмаа, Ж.Нэргүй, Э.Амгалан, Н.Лувсандорж, Саймон нартаа баярласнаа илэрхийлж болно биз дээ.
-“Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд аав минь бодогддог Догдолж суугаад очиход байхгүй дээ гэж санахаас нулимс гардаг...” гэж таны шүлэгт бий. Аавын тухай бодол танд ихэнхдээ ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Аавын тухай бодол надад бахархал, инээд нулимс, дүүрэн сэтгэл, зовинолт санаашрал авчирдаг юм. Олоон жилийн дараа хүүхдүүдэд минь бас тийм л юм үлдэх байх даа.
-“Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэдгийг найрагч хүн л хамгийн түрүүнд олж хардаг. Яруу найрагч, уран бүтээлч хүний сэтгэлгээ ямагт цэл залуугаараа байдаг гэлцдэг. Танд одоо ч юм бүхэн өнгөлөг санагддаг уу, эсвэл...?
-Цаг нарны уртад хэзээ ч хуучрахгүй өнгөлөг юм гэж байлгүй дээ. Гэхдээ одоо ч цөөнгүй зүйл бүүдгэр санагдаж эхэлж байна аа.
-Зарим хүн хэчнээн аз жаргалтай байгаагаа өөрөө ч мэддэггүй гэдэг. Гэтэл аман дээрээ “Би жаргалтай хүн” гэж хэлдэг ч цаанаа өөр зүйл мэдэрдэг хүмүүс бас байх. Хүний хэр их аз жаргалтай байгааг хэмждэг төхөөрөмж байдаг бол таны амьдралыг хэдий үедээ хамгийн жаргалтай байжээ гэж тэр заах бол?
-Их олон жилийн дараа хэмжиж үзэх хэрэгтэй юм байна. Би амьдралынхаа зовлон, жаргалыг “эвхээд” хэмжиж харахад арай эрт байна.
-Та өөрийнхөө амьдралын юугаар бахархдаг вэ?
-Байгаа байдал, эн цараандаа би сэтгэл дундуур байдаггүй. Шүлгүүдээрээ бодоход...
-Биеэ тоож байна гэж ойлгож болох уу?
-Биеэ тоох бол яагаа ч үгүй байна аа. Харин бичээгүй шүлэг, туурвиагүй бүтээлдээ биеэ тоох шаардлага тавина аа.
-Өвөрт чинь орох хүүхний тоогоор бус, өвдөөд хэвтэхэд сахих хүмүүсийн сэтгэлээр чиний хэн бэ гэдэг хэмжигдэнэ гэвэл Та ямархуу хүн байх бол?
-Яах вэ, би хүнд муу юм хийгээд байхгүй юм. “Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй” гэж миний нэг шүлэгт бий. Гэхдээ он жил өнгөрөх тусам би сэтгэл дотроо маш их хөндүүртэй болж явна. Угаасаа ч нэлээд хөндүүр хүн юм уу даа.
-Таныг амьдралдаа олон сайхан эмэгтэйгээр хайрлуулж, хүндлүүлж яваа азтай эр хүн гэж тодорхойлж болох уу. Хамгийн тод жишээ нь, сайхан ижий тань нутагтаа энх тунх амьдарч, хүүгийнхээ сайн сайхны төлөө сүслэн залбирч яваа шүү дээ?
-Муу ижийгээ баярлуулж чаддаггүй юм аа, би. Байнга миний төлөө санаа зовдог. Миний төлөө өр цээжээ барж, эмтэрч элтэрч яваа, хөөрхий. Эгч, дүү нар маань ч мөн адил.
-Та тэгж их хүний санаа зовоодог гэж үү?
-Зовооно оо зовооно.
-“Хорвоог эрхийн нүдээр хардаг би зовлонд халирамтгай” гэж та дээхнэ ярьж байсан. Эх хүний, эмэгтэйчүүдийн их хайр, их хүндлэл нөгөө талаараа эр хүнийг уян зөөлөн, нялцгай болгодог тал бий юү?
-Мэдэхгүй. Би хүн хайрлалаа гээд улам нялуураад байдаггүй. Бас их бадрангуй болох гэж орилж хашгираад байхгүй л болов уу. Эмэгтэй хүний хайр хүндлэлийг хэрхэн хүлээж авч, дааж явах нь тухайн эр хүний сэтгэлийн хэр чадал мэдэх зүйл биз.
Л.ГАНЧИМЭГ