Монгол Улсад анхны марк хэвлэгдснээс хойш өдгөө 90 дэхь жилтэйгээ золгож байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол шуудан ТӨҮК, Монголын филателийн холбоо, Монгол маркийн газар хамтран өнөөдөр Монголын үндэсний музейд “Монгол марк” үзэсгэлэнг дэлгэн тавилаа. Таван өдөр үргэлжлэх эл үзэсгэлэнд 11 цуглуулагчийн 800-аад төрлийн марк, дугтуй ил захидал байжээ.
1924 онд хэвлэгдсэн Монголын анхны долоон цуврал маркийг эндээс үзэж болно. Тэдгээр маркийг Монголын шуудан холбооны анхны дарга Бат-очир гэдэг хүн хийж байсан түүхтэй бөгөөд Монголын тусгаар тогтнолыг илэрхийлсэн утгатай аж.
Манай Улсад марк идэвхитэй цуглуулдаг 100 гаруй хүн байдаг. Харин өмнөд хөршид 20 гаруй сая цуглуулагч бий. Марк бол цуглуулгын хаан. Тэрчлэн цаг үеийн түүхийг хадгалж үлддэг учраас улс орны үнэт өв бас үнэт цаас юм.