Оюунаа айлын ганц охин. 25 нас хүрч яваа хэдий ч эрэгтэй хүнтэй ойртох нь бүү хэл үерхэж үзээгүй. Хүн бүрийн дурсан ярих дуртай анхны хайртайгаа ч учирч амжаагүй. Ирээдүйн нөхрөө аав шигээ нөмөр нөөлөгтэй, гүндүүгүй эр хүн байгаасай гэж хүсдэг байв. Харин тэр одоо аав, дүүгээсээ өөр эр хүнийг харахаас айдаг болжээ. Бүр насан туршдаа ганц бие амьдрахаар шийдчихсэн. Тэр өдөр түүнтэй танилцаагүй бол инээд цалгисан, эрх охин хэвээрээ байх байв. Түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн энэ явдал хагас жилийн өмнө болсон юм. Тэрбээр ажлаа тараад харихаар гартал утас нь дуугарч, арван жил нэг ангид сурсан найз нь уулзахыг хүсчээ. Болзсон газраа түүнийг очиход найз нь ганцаараа биш, хоёр залуутай сууж байв. “Чиний зургийг харчихаад, манай найз “Танилцуулаад өг” гэсэн юм. Зүгээр биз дээ” гэснээр яриа эхэллээ. Танилцахыг хүссэн залууг Бат гэх. Тэд хоёр цаг хэртэй ярьж суусны эцэст Бат түүнийг гэрт нь хүргэж өгөв. Замдаа тэд утасны дугаараа солилцон, маргаашнаас нь Бат байнга ярих боллоо. Гэхдээ яриа ихэвчлэн оройн цагаар, хэдхэн минут үргэлжилнэ. Ингэхдээ өөрийгөө нэгэн хувийн компанид удирдах албан тушаал хашдагаа тоть мэт давтан өгүүлнэ. Оюунаад Батын баярхаад байгаа юм шиг энэ байдал, бас биеэ авч яваа нь төдийлэн таалагдаагүй ч эхнээсээ гэр бүлтэй болж, үрийн зулай үнэрлэсэн найзуудынх нь “Чи хүнтэй уулзаж бай. Тэгэхгүй бол оройтлоо. Юу юугүй нэг гэрт орохгүй ч ядаж хүн таньдаг болно” гэх үгс нөлөөлж, “Хэдий болтол гон бие, гозон толгой явах вэ. Уулзаад үзье” гэж бодон дуудлага бүрийг нь цааргалалгүй авдаг байлаа.
Танилцсанаасаа хойш долоо хоногийн дараа тэд дахиад дөрвүүлээ уулзаж, шар айраг уугаад, хоёр, хоёроороо салцгаав. Бат Оюунааг ажил дээрээ аваачин, ажлаа танилцуулаад гэрт нь хүргэх замдаа “Шар айраг уучихсан чинь толгой эргээд” гээд хүн бараг явдаггүй бололтой газар машинаа зогсоочих нь тэр. Оюунаа таксины мөнгөгүй тул яах учраа ололгүй “Эртхэн харимаар байна. Ээжийн санаа зовж байгаа” гэтэл Бат түүнийг үгийн зөрүүгүй дараад авав. Оюунаа яаж ч хичээгээд түүний гараас мултарч чадсангүй... Дараа нь Бат түүнийг гэрт нь хүргэж өгөөд, “Хэн нэгэнд хэлэх юм уу, цагдаад мэдэгдвэл ална шүү” гэж заналхийлжээ. Энэ бүхэн ердөө нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн тул Оюунаа балмагдахдаа юу ч хэлж чадсангүй. Хувцас нь урагдчихсан, нүүрнийх нь будаг урсчихсан хэвээр гэртээ орвол юу болсныг эцэг, эх нь мэдэх тул бэргэн дэмий л гэрийнхээ үүдэнд уйлж суув. Энэ үед түүнд хорвоо хөмөрчихсөн мэт, амьдрал ямар ч утга учиргүй юм шиг санагджээ. Болсон явдлыг хэлэхэд, найз нь 102 дугаарын утсанд залгахад “Дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст хандах хэрэгтэй. Нотлох баримтыг устгах юм уу, усанд орж болохгүй” гэж сануулжээ. Ийн тэрбээр гэрийнхэндээ ганц ч үг цухуйлгалгүй дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст очтол хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад очих хэрэгтэй гэсэн аж.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилд ороод удаагүй, мөрдөгч бүсгүй энэ хэргийг хариуцан ажиллах болов. “Ашгүй эмэгтэй хүн таарлаа. Эмэгтэй хүн нэгнийхээ зовлонг ойлгоно” гэж бодтол өнөөх нь мэдүүлэг авахдаа “Чи яагаад яваагүй юм. Зугтаж болох байсан шүү дээ. Дуртай байсан юм биш үү” хэмээн загнах, доромжлохын дундуур баахан үгээр булжээ. Цагдаагаас ийм үг сонсоно чинээ санаагүй Оюунаад хэлэх үг олдсонгүй. Мөрдөн байцаагч бүсгүй шинжилгээний хариу гарахаар түүнийг дуудахаар болов. Долоо хоногийн дараа зөөлөн эд нь бяцарч, онгон хальс нь цоорсноос гадна Батын эр бэлгийн эс илэрсэн гэх хариу гарсан ч мөрдөгч бүсгүй нөгөө асуултуудаа асуусан хэвээр. Бат эхэндээ “Бидний хооронд тийм зүйл болоогүй. Тэр битгий хэл Оюунаа манай ажлын газарт очиж, миний цалинг асуусан. Мөнгө авах зорилгоор намайг гүтгэж байна” гэж мэлзэж байснаа сүүлдээ “Оюунаа зөвшөөрснөөр бид бэлгийн харилцаанд орсон” гэж мэдүүлжээ. Хэзээ ч уулзахыг, дахин харахыг хүсээгүй Баттай Оюунаа Цагдаагийн хэлтсийн байранд хэд хэдэн удаа нүүр тулж, хамт мэдүүлэг хүртэл өгөв. Тааралдах бүртээ Бат түүнийг харцаараа айлган, “Манай найзын аав энд том албан тушаал хашдаг. Чи яаж ч чадахгүй” гэх мэтийн зүйлс ярьж сүрдүүлдэг байлаа.
Ийн сар хэртэй ажлаа алдаж, шүүх, цагдаагаар явсны эцэст хэрэг Батаагийн талд нааштай шийдэгдэх янзтай болсон тул Оюунаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж, өмгөөлөгч авчээ. Мөрд өн байцаагч хохирогчийг буруушаасан асуулт асуух ёсг үйг тэр өмгөөлөгчөөсөө л мэдсэн байна. Өмг өөл өгчийн ачаар хэрэг Оюунаагийн талд шийдэгдэж, Батыг хорьсон ч энэ хугацаанд Оюунаа ажлаасаа байнга чөлөө авч, тэгэх болсон шалтгаанаа ч хэлж чадалгүй халагдав. Түүний сэтгэл санаа болон бие махбодь, эдийн засгийн хохирлыг хэн ч барагдуулаагүй. Батыг хоригдох ял авсны дараа эгч нь Оюунаа руу ярьж, “Батаа хоёр хүүхэдтэй, эхнэр нь төрөөд удааг үй. Нөхрөө ийм хэрэг хийснийг мэдээд эхнэр нь хүүхдүүдээ орхиод явсан” гэж хэлээд, гомдлоо буцаахыг хүссэн аж. Оюунаа хэдий Батыг шоронд хатаахыг хүсэж байсан ч хүүхэд өнчр өхийг харж төвдөлгүй, гомдлоо буцаасан юм.
ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ
Энэ бол болзооны хүчингийн нэг л жишээ. Хэрэв Оюунаад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн тусалж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөгч гарган туслаагүй бол... Хэрвээ тэгсэн бол Оюунаа өдийд бидний дунд байхгүй байх байлаа. Амиа хорлохоор шийдчихсэн байснаа тэр надад хэлсэн юм. Бүх зүйлд тэр өөрийгөө буруутай юм шиг санаж байжээ. Энэ мэт түүн шиг өөрийгөө буруутгаснаас, эсвэл энэ талаар мэдээлэлгүйгээс хохирогчид цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй аж. Үнэндээ хэн ч үерхэж байгаа залуу, эсвэл найз хэмээн бодож явсан хүнээ өөрийг нь хүчиндэнэ гэж санахгүй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хүний эрх, хүнийг хамгаалахын төлөө ажиллаж буй. Жилд 2000 гаруй хүн тэднийд ханддагийн 100 орчим нь бэлгийн хүчирхийлэлд өртөгсөд. Харин үүний 10-20 нь болзооны хүчингийн хохирогчид байдаг гэнэ. Хохирогчид 12-20 насныхан байдаг бол хүчин үйлдэгчид нь үе тэнгийнхэн нь юм уу насанд хүрсэн ойр дотнынх нь хүмүүс.
Сүүлийн үед болзооны хүчингийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хэрэгтнүүд цахим сүлжээ, утас ашиглах болжээ. Тухайлбал, фэйсбүүкээс нь сонирхол, юунд дуртайг нь мэдээд, үеийнх нь царайлаг залуугийн зураг тавиад, өмнөөс нь ярилцсаар уулзах хүсэлт тавьдаг аргыг хэрэгтнүүд их ашигладаг байна. Ингэхдээ хүн цөөтэй, олны хөлөөс зайдуу газарт оройн цагаар болзоонд урьж, буудалд, эсвэл гудамж талбайд, машинд дотроо хүчинддэг гэнэ. Монголд жилд дунджаар 100 гаруй хүн болзооны хүчинд өртдөг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нь цагдаа болон хүний эрхийн байгууллагад хандсан хүмүүсийн тоо. Үүний цаана хаана, хэнд хандахаа мэдэхгүй, нулимсаа нууцхан арчаад өнгөрсөн эмэгтэй хэд байгааг таашгүй. Олон улсад хүчинг болзооны, ураг төрлийн, гэрлэлтийн, гудамж талбайн гэж ангилан, тэр бүрт хүлээлгэх хариуцлага нь өөр байдаг аж. Харин манайд хүчин гэсэн нэг малгайн дор бүгдийг нь хамаатуулан ойлгодог нь учир дутагдалтай тул холбогдох хууль, тогтоомжид хүчингийн хэргийг илүү нарийвчлан төрөл зүйлээр нь ангилж, сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн хохирлыг барагдуулахад анхаарах ёстойг учир мэдэх хүмүүс хэлж байлаа.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйлчилгээний менежер Г.Түвшинжаргал “Олон улсын туршлагаас харахад хүчингийн хэрэг үйлдэгч, хохирогч хоёрыг хамт байцаадаггүй. Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлаад, тэднийг уулзах, нүүрэлдүүлэх, тааралдуулахг үй байхад анхаардаг. Учир нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс сэтгэл зүйн хувьд цочролд ордог учраас тэр хүнээ харах, ярих, сонсохыг хүсдэггүй. Гэтэл манай мөрдөн байцаагч нар байцаалт авах, эсвэл таниулах ажиллагаа хийж байна гэдэг нэрээр хоёуланг нь нэг газарт нэг цагт дууддаг. Хохирогчид ээлтэй хууль, эрх зүйн орчин манайд хэрэгтэй байна. Гадаадын туршлагаас харвал хохирогчоос нэг л удаа байцаалт авч, түүнийгээ бичлэгээр баримтжуулдаг. Хэрэгтнийг таниулах шаардлагатай боллоо гэхэд зураг юм уу бичлэг үзүүлж, эсвэл шилэн хананы цаанаас харуулдаг. Тэр бүү хэл хохирогчийг шүүх хуралд оруулдаггүй” гэлээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нотлох баримт цуглуулахаас гадна шаардлагатай тохиолдолд хамгаалах байрандаа байлгаж, өмгөөлөгч өөр тусалдаг. Энэ мэт хүний эрхийг хамгаалагч байгууллага манайд олон байх шаардлагатай. Гэвч тус төвийн хувьд л гэхэд хүний нөөц, санхүүжилт байнга дутагдалтай байдаг гэнэ. Цалин багатай учраас тогтвор суурьшилтай, удаан ажиллах хүн олоход амаргүй.
Мөн Хууль зүйн яам эднийд жилд 20 хүн өмгөөлөх хөрөнгө төсөвлөж өгдөг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй, эхний сардаа л дуусчихдаг гэсэн. Түүнчлэн нэг хүний өмгөөллийн хөлсийг Хууль зүйн яамнаас 350 мянга төгрөгөөр тооцдог бол зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа 700 мянган төгрөг байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө өмгөөллийн хөлсөнд бус өмгөөлөх явцад л зарцуулагддаг байна.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ