Самбуугийн Заяасайхан хэмээх монгол зураач залууг олон улсад андахгүй болжээ. Бусдыг дуурайж бус, өөрийгөө илэрхийлж, төрж, өссөн нутаг, эх орныхоо онцлогийг тусгасан түүний бүтээл үүдээс Монголын түүх, соёл, ахуй, зан заншил үнэртдэг учраас тийнхүү хүмүүсийн анхаарлыг татдаг буй за. Шог зураач С.Цогтбаяр түүний тухай “Монголын дүрслэх урлагийн хөгжлийг үүрэх шинэ үеийн төлөөлөл болсон зураач Заяа бол Монголыг дэлхийд сурталчилж яваа тод өнгө юм. Бид “Yahoo”, “Google” зэрэг дэлхийн хэмжээний компанид монгол хүн ажилладаг гэж бахархдагийн адил тэрбээр олон улсын урлагийн ертөнцөд хэдийнэ хөлөө олсон, өөрийн гэсэн өнгө, төрхтэй зураач. Тэр бол дэлхийн хэмжээний зураач” хэмээн тодорхойлсон. Ийм нэгэн залууг “Уран бүтээлч” булангаараа онцолж байна.
-Заяа гэдэг зураачийн зарим бүтээлийг хараад яагаад ч юм бэ кубизм санаанд буудаг. Хурц, тод өнгө, геометрийн дүрснүүдээс үүдэн ингэж бодсон байж болох юм. Ер нь ямар урсгал чиглэлээр зурдаг вэ. Бүтээлийнхээ өнгө, дүрснүүдийн сонголтын талаар тайлбарлана уу?
-Юуны өмнө, гадаадад амьдарч, ажилладаг монгол уран бүтээлч залуусаа дэмждэг “Өнөөдөр” сонины хамт олонд талархал илэрхийлье. Уран бүтээлчийнхээ хувьд би аль нэг урсгал, чиглэл болон ямар нэгэн стилд захирагдахг үйг хичээдэг. Жишээ нь, энэ л миний стил гэдэг үг надад таалагддагг үй. Уран бүтээлч хүн аливаад хөрвөж, өөрчлөгдөн, санаа, зорилгоо янз бүрээр илэрхийлж, эрэл хайгуул дунд хөгжиж, үргэлж сурч, мэдэж, боловсорч явах нь сонирхолтой санагддаг. Нөгөө талаас уран бүтээлч хүн өөрийгөө дүгнэж хэлэхэд маш хэцүү л дээ. Уран бүтээлийг ойлгож, зөв танихын тулд тухайн хүн хэрхэн яаж, ямар зам туулж ирснийг харах хэрэгтэй болов уу. Миний хувьд Дүрслэх урлагийн дунд сургуульд монументаль уран зургийн ангид сурч байгаад монгол зураг руу “урвасан”. Энэ бүхэн уран бүтээлээр минь харагддаг шиг санагддаг. Тодруулбал, монгол зураг болон Өрнөдийн чимэглэлийн уран зураг хоёрын нийлбэр гэж болох талтай. Өнгө, дүрслэлд ч уламжлалт арга ажиллагаа, бэлгэдэл болон орчин үе хоёрын харилцан уялдаа холбоон дээр өөрийн санааг илэрхийлэхийг зорьдог гэх үү дээ.
-Тухайн уран бүтээлчийн дотоод мөн чанар, ертөнцийг үзэх үзэл бүтээлээр нь дамжин илэрдэг гэдэг. Заяагийн бүтээлүүдээс монгол бүсгүй, монгол ахуй “үнэртэх” юм. Бүтээлийнхээ гол объектоор яагаад ихэвчлэн эмэгтэй хүнийг сонгодог юм бэ. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл зураг дээр бүсгүйчүүдийн суусан байдал, жишээ нь завилгаа, тэдний харц, нүдний өнгө, орчны дүрслэл, амьтад, хөгжмийн зэмсэг гээд анхаарал татсан элемент олон юм. Энэ бүгдээр юу өгүүлэхийг хүсдэг юм бэ?
-“Өөрийн стилийг олжээ” гэсэн үгийг би олон хүнээс сонсож байсан. Гэхдээ миний бодлоор стил гэдэг нь уран бүтээлийн туйлын зорилго биш, зүгээр л техник, ур чадвар, туршлага төдий юм. Хамгийн гол зорилго бол өөрийгөө олж, таних, мэдрэх явдал. Тэр утгаараа өөрийгөө олох анхны алхам бол би юунд дуртай, аз жаргалыг юунаас илүү мэдэрч байна гэдэг нь чухал. Миний бүтээлийн амин сүнс нь монгол ахуй, монгол “үнэр”. Угаас зорилго минь ч энэ. Ер нь яаж ч хувирч, юу ч хийсэн би монгол сүнс монгол үнэртэйгээ байна. Магадгүй хамгийн их таньж, мэдсэн, бас туйлаас их хайрласан зүйлээ хүн уран бүтээлдээ шингээхийг хүсдэг байх. Сэдвийн хувьд үе үе тухайн цаг үетэй холбоотойгоор хувирч байсан л даа. Жишээ нь, олон жилийн өмнө би дайн тулаан, баатар гэхчлэн түүхэн, хүнд сэдвээр зурж байсан. Дараа нь элдэв домог болон дизайн тал руугаа ч бүтээл хийсэн. Сүүлийн үед ихэвчлэн охид бүсгүйчүүдийг зурагтаа тусгах болсон. Сэдвийн хувьд янз бүр, өөр олон ч санаа байна. Дүрслэлдээ оруулсан хөгжмийн зэмсгүүдийн хувьд их түүхтэй. Ер нь эмэгтэй хүн бол яруу утга уянгатай, бурхан мэт санагддаг. Би нэг удаа санаандгүй учралаар нэг түүхэн зурагтай танилцсан юм. Дээр үед лам нар зэрэг, дэв ахихдаа хийдэг ёслолын тухай зураг л даа. Бүрээ бишгүүрийн сүрлэг аялгуунд ном бясалгаж байгаа лам нарын оронд бүсгүйчүүд сууж буйгаар төсөөлөгдөөд ариун тансаг, бас их тэнгэрлэг, эрхэмсэг оршихуй мэдрэгдсэн л дээ. Тэгээд энэ сэдвээр нэлээд хэдэн бүтээл хийсэн. Нөгөө талаар энд бас давхар гүнзгий санаа явж байгаа. Тэр тусмаа монгол эмэгтэйчүүдтэй холбоотой. Тэд түүхийн явцад ямар их зовлон зүдгүүр, гуниг ганцаардлыг тээж явснаа хэнд ч хэлээгүй, нууц хэвээр үлдсэн. Тиймээс би тэдний оршихуйн хамгийн нандин үнэт зүйлийг бага ч болов харуулахыг зорьсон.
-Сүүлийн үед залуу зураачид монгол хатад, эртний монголчуудын ахуйг дүрслэх сонирхолтой байх шиг. Энэ утгаараа чиний хатад бусад зураачийнхаас юугаараа өөр вэ. Монгол хатдын юуг нь илүү гаргахыг зорьдог юм бэ?
-Хэцүү асуулт байна. Яагаад гэвэл би бусдын бүтээлийг өөрийнхтэйгөө жишиж, зүйрлэж хардаггүй. Бас өөрийнхөө тухай ярих гээд бусад хүний талаар дүгнэж ярих эрх байхгүй. Мэдээж, сэдвийн хувьд адил төстэй тал хаана ч байдаг. Ер нь хэн нэг нь сэдвийг өмчлөх эрхгүй. Тэгээд ч шинэ сэдэв гэж дэлхий дээр байхгүй. Хэзээ нэгэн цагт, түүхийн аль нэг үед тухайн сэдвээр уран бүтээл туурвисан л байгаа. Хамгийн гол нь тэр сэдэв чиний ертөнцөөр яаж илэрхийлэгдэж байгаа нь л чухал. Энэ талаар урлаг судлаачид л харьцуулалт, шүүмж, дүгнэлт хийдэг байх. Харамсалтай нь манайд энэ салбар хөгжөөгүй байна.
-Уран бүтээлийн цомог гаргасан гэж дуулсан. Цомогт ямар бүтээлүүдээ багтаав. Ер нь таны зургийг гаднынхан хэр үнэлж авдаг бол?
-Гурван жилийн өмнө “The art of Zaya” номоо цөөхөн хувь гаргасан. Зөвхөн үзэсгэлэнд тавигдаж, найз нарт минь л очсон. Тэгсэн хэрнээ хүмүүсийн хандлага маш сайн байсан. Тиймээс илүү сайн боловсруулаад, дахин хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Миний уран бүтээлийг мөнгөөр хэмжсэн үнэлгээний талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан сүүлийн 20-иод жил зурж байна. Гэрт маань өөрийн зураг лав байхгүй. Хүмүүс аваад байхыг бодвол жаахан ч гэсэн үнэлдэг хэрэг юм болов уу. Гэхдээ хэн мэдлээ, өөрийгөө дүгнэх хэцүү юм байна.
-Аливаа хүнд ялангуяа уран бүтээлчид нөлөөлсөн хүчин зүйл гэж бий. Заяа гэдэг хувь хүнд, бас Заяа гэдэг зураачид нөлөөлсөн зүйлс юу байдаг бол. Жишээ нь багын амьдрал, аав, ээж, өвөө эмээгийн үг гэхчлэн хүм үүс тайлбарладаг. Үүнтэй адил таны ертөнцийг үзэх үзэлд эргэлт болсон, эсвэл нөлөөлсөн зүйл?
-Зураач болоход минь нөлөөлсөн олон хүн бий. Тэдний урам, дэмжлэггүйгээр бүтээл хийнэ гэдэг хэцүү. Хүүхэд байхад минь урмаар шагнадаг байсан ах, эгч нар, сургуулийн зургийн багш, мөн аавын минь гоё зургууд, тэгээд мэргэжлийн сургуулийн дээд ангийн ах нарыг дурдах ёстой. Яг зураач болоход хүний төлөвшил, үзэл бодол их чухал санагддаг. Гэхдээ би одоо хэр нь өөрийгөө мундаг зураач болсон гэж огт боддоггүй. Оюутан үедээ би их хөдөлгөөнтэй сахилгагүй нөхөр байлаа. Өөртөө хэтэрхий бардамнаж “Өө энийг бол дараа нь тэгээд л хийчихнэ, тэрийг хийхэд амархан” гэхчлэн явсаар байгаад төгссөн. Гэтэл эргээд харахад юу ч хийж сураагүй, түүхий амьтан байснаа мэдэрсэн. Тэгээд л амьдралын сургуульд сайн оюутан байхыг хичээж явна. Одоо ч суралцсаар л байгаа. Гоо үзэсгэлэнд хязгаар байхгүйтэй адил урлагт төгс төгөлдрийн хэмжээ гэж үгүй. Хийж, бүтээхийн хэрээр шинэ зүйл сурч, дээрээс нь алдаа оноогоо мэдэж, олж хардаг юм байна. Ингээд бодохоор хязгааргүй их хүсэл мөрөөдлөөр зогсолтгүй урагшлах нь жинхэнэ амжилт байх. Тэр утгаараа би зураач болох үүд хаалгаа дөнгөж нээж байгаа юм шиг ээ. Сурах, мэдэх зүйл их байна, тэгэхээр би болоогүй л байна даа.
-Зарим зураач унтаж байхад онгод дуудсан гэх юм билээ. Ер нь онгод, зөн гэдэг зүйлийн талаарх бодлоосоо хуваалцана уу. Зүүдэндээ харсан зүйлээ зурсан тохиолдол бий юү?
-Ер нь зүүдээ зурсан тохиолдол байхгүй. Харин нэг бүтээл эхлүүлчихээр тэр тухай л бодол толгойноос салдаггүй талтай. Тэгээд тэр зураг надад ямар нэгэн зүйл хэлж, гомдоллохыг мэдрэх маш хэцүү. Заримдаа “Зурж чадахгүй юм бол намайг яах гэж ингэж тамлана вэ” гэж хэлэх шиг болдог. Муу зурна гэдэг нэг талаараа өөрсдийн буруугаас болж тахир дутуу төрүүлсэн хүүхдийнхээ гомдоллохыг, зовж зүдрэхийг насан туршдаа харан шаналахтай адил санагддаг. Тэр утгаараа зургийнхаа тухай нойрондоо бодож, тунгаах, зүүдлэх үед зөндөө. Дараа нь харамсахг үйн тулд сэтгэл зүрхээ бүтээлдээ шингээхийг хичээдэг. Тэгээд нэгэнт бүх зүйлээ зориулж, шавхсан болохоор өөрийгөө уучилж болдог доо. Миний хувьд онгод гэхээсээ хийх хүсэл, урам зориг болох мөрөөдөл илүү чухал. Гэнэт л онгод ороод сайн зурна, онгодг үй бол муу зурна гэж байхгүй л дээ. Жишээ нь, олон сарын турш тархи толгойноос салахгүй, янз бүрээр тунгаан бодож бүтдэг зураг байхад ердөө долоо хоногт л гараас гарах нь ч бий. Үүнээс үүдэн онгод гэхээсээ ухамсартай үйлдэл, хичээл зүтгэл, судалгаа болон зарчим илүү санагддаг.
-Хэрэв түүхийн жимээр эргэж явах боломж олговол аль үед очиж, хэнтэй уулзахыг хүсэж байна вэ?
-Өнгөрсөн үеийн түүхийн аль нэг хэсэгт очоод ир гэвэл Юан гүрний үе рүү явна. Тэгээд ордны найр наадам ямар байсныг харахыг хүсэж байна.
-Миний бодлоор С.Заяасайханы уран бүтээлүүдийг тодорхой хэдэн хэсэгт хувааж болмоор санагдлаа. Жишээ нь, нэг хэсэг нь их хурц өнгөтэй байхад нөгөөх нь ууссан завсрын өнгөтэй, хээ угалз түлхүү орсон байх жишээтэй.
-Миний хувьд ёстой л зөн совин, мэдрэмждээ тулгуурладаг. Өнгө маш чухал бөгөөд хар, цагаан өнгө бол үнэн, бусад нь нялуун гэдэг хүн байдаг. Хүний сэтгэлд шууд бөгөөд хамгийн хурдан хүрдэг зүйл бол өнгө. Хурц тод өнгөн үүд сэтгэл хөдөлгөдөг бол хар, цагаан нь илүү юм бодуулдаг мэт санагддаг.
Тун удахгүй “Мона Лизагийн 1000 төрх” хэмээх ном Америкт хэвлэгдэн гарах аж. Да Винчийн алдарт бүтээлийг дэлхийн олон зураач өөрийн хувилбараар зурсан байдаг бөгөөд тэдгээрээс шилдэг 100-г нь уг номонд түүвэрлэн оруулсан юм байна. Тэр шилдгүүдийн нэгд манай С.Заяасайханы “Дахин төрөлт” зураг багтсан сайхан мэдээ байна.
-Уран бүтээл туурвидаг хүмүүс түүх судлаач байдаг гэж боддог. Таны хувьд судалгаа хийж байх явцдаа өмнө нь огт мэдэж байгаагүй, эсвэл хамгийн их цочирдож, алмайрсан, гайхсан түүх юу байдаг вэ. Тийм сонирхолтой түүхээс ургуулсан бүтээл бий юү?
-Уран бүтээл хийхийн тулд түүхээ бага боловч мэддэг байх ёстой. Монголчуудын түүх үнэхээр бахархалтай, гайхамшигтай. Гэхдээ түүхийн тодорхой хэсэгт сэтгэл эмзэглүүлж, цочроосон зүйл бий. Жишээ нь, эмэгтэйчүүдийн зовлон юм уу даа. Миний бодлоор “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Монголын түүх шууд л эмэгтэй хүний зовлонгоор эхэлдэг. Өөрийн хүслээр амьдрах эрх чөлөө тэр үеийн эмэгтэйчүүдэд тун бага байж. Сэтгэлтэй хүнээсээ булаагдан, дайсны өвөрт очих замаар хүсээгүй, бүр хэзээ ч төсөөлж байгаагүй хувь тавиланг Өүлэн эх үүрч байгаагаар түүх эхэлдэг шүү дээ. Бөртэ үжин ч ялгаагүй ийм л замаар явсан байдаг. Ер нь үе үеийн монгол бүсгүйчүүдийн зовлон адилхан байсан байх. Ямар сайндаа л эрчүүд нь эзгүй хойгуур дайсандаа сүртэй харагдаж, үр хүүхдээ хамгаалахын тулд гэзгээ хүртэл зэвсэг мэт, эвэр маягаар засаж, янзлах вэ дээ. Би нэг удаа япон найздаа “Танай самурайнууд малгайдаа эвэртэй байдаг бол манай монгол эмэгтэйчүүд үсээ эвэр шиг засаж, гоёдог байсан. Тэгэхээр манай бүсгүйчүүд самурайгаас дутахгүй” гэж инээлгэсэн. Энэ байдал нэг талаараа монгол бүсгүйчүүдийг бүтээлийнхээ гол сэдэв болгох чухал шалтгаан юм.
-Уран бүтээл туурвих арга барилд тань он жилүүд, амьдралын хэв маяг, монгол ахуйгаасаа хол байгаа байдал, явсан орнууд, үзэж харсан, хуримтлуулсан мэдээлэл зэрэг нь хэр нөлөөлж байна вэ?
-Үзсэн харсан зүйлс, туулсан амьдрал нь уран бүтээлд шууд бусаар хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь, сүүлийн 15 жилийн хугацаанд би олон орноор явж, үзэсгэлэнгээ дэлгэхийн хажуугаар шинэ зүйлийн эрэл хайгуулыг давхар хийдэг. Дараа нь бүтээлдээ тусгахад хэрэг болно шүү дээ. Ер нь шинэ зүйл хийхийн тулд хүн янз бүрийн зүйл турших хэрэгтэй. Тэгж байж л сонирхолтой болно. Би сүүлийн үед Японы урлагийн түүх болон бусад зураачаас их зүйл сурч, мэдэж байна. Ялангуяа техникийн хувьд энд үзэх харах юм их бий.
-Монголын Мона Лиза гэж тайлбарладаг зургийн талаар тодруулмаар байна. Бүсгүйн гарын байрлал, уруулын дүрслэл тэр чигтээ Жокондаг санагдуулдаг. Заавал адилхан байлгасан учир нь зургийн нэртэйгээ холбоотой юу, эсвэл өөр агуулгатай юу. Тэгээд энэ зургийнхаа өнгөнүүдээр юу илэрхийлэхийг хүссэн бэ. Франц, монгол Жоконда уулзвал юу ярилцах бол гэж төсөөлж байв уу?
-Уг нь жинхэнэ амар амгалан бол байгаль дунд л байдаг гэсэн санаа гаргахыг хүссэн тэр бүтээлийн минь нэр “Дахин төрөлт” шүү дээ. Хүмүүс л “Монголын Мона Лиза” болгосон байх. Энэ зураг нэг талаар Мона Лизаг санагдуулж болох ч миний санаагаар бол тэс өөр утгатай юм л даа. Монгол эхнэрийн хувцастай бүсгүйг ийм маягаар сууснаар зурах нь маш хэцүү юм билээ. Тухайн үедээ болж байна гэж бодсон ч, одоо эргээд харахад дахин лав ингэж зурж чадахгүй. Яагаад гэвэл яг тухайн цаг үед мэдэрсэн сэтгэл хөдлөл, урам зориг надад дахин ирэхгүй. Ер нь ухаан бодол үргэлж урагшаа хөтлөх өөс биш, буцдаггүй. Би энэ бүтээлээ сайн болсон гэж боддог. Өөр нэг зүйл гэвэл “Мона Лиза”-г зураг биш, бодит хүн гэж төсөөлөн харвал тэр эмэгтэй маш их зовлонтой явдаг байх даа. Үргэлж олны нүдэнд өртөж, папарацциудын дурангийн бай болсон алдартай хүн юм уу даа. Түүнд хувийн нууц, үнэт зүйл гэж байхгүй. Тэгээд тэр бүсгүй олны хөлөөс дайжин Монголын эзгүй талд жаахан ч болов сууя гэж бодно шүү дээ. Тэр утгаараа дахин төрөлт юм. Ер нь алдарт “Жоконда”-г олон зураач өөрийн хувилбараар амилуулсан. Хамгийн гол нь хүн бүрийн илэрхийлэх санаа нь л чухал гэдгийг олж харах ёстой.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ