Халуун нар төөнөж, аагим халуу шатсан ч, шороо шуурч, нүүр нүдгүй балбасан ч, цасан хямрага болж, тэсэхийн аргагүй хүйтэн болсон ч зогсч л байх үүрэгтэй хүмүүс, замын цагдаа нар аа. Тэд нэг ээлжиндээ зургаан цагийн хугацаатайгаар зам дээр зогсох үүрэгтэй.
Та өөрийгөө замын цагдаа гээд төсөөлөөд үз дээ. Тасралтгүй зургаан цаг өвлийн хүйтэнд хамар, хацраа хайруулж, хөл гараа жиндүүлж хүйтэн цементэн дээр зогсож чадах уу, та? Хүн л юм чинь амарч суумаар санагдана, аяга халуун цай уумаар санагдана, бүр бие засмаар ч санагдана. Миний уулзсан нэг цагдаа “хэрвээ бидэнд ядахдаа 10 минутын завсарлага гаргаад аяга халуун цай өгчихдөг болчихвол бас зүгээр л юм” гэж хэлэхийг сонсоход үнэхээр өрөвдөлтэй санагдсанаа нуух юун.
Гэтэл ганц хором холдоход л жолооч нар маань нэгнийгээ хүндэлдэггүйн улмаас түгжирч, бөглөрч орхидог. Тэгээд л машины утаа тортог, сигналын байж ядам чарлаан, машины дугуйнаас үүсэх тоосонцор гээд хүндээс хүнд нөхцөлд ажиллах л ёстой болдог. Тэгсэн атлаа “хүнд нөхцөл” гээч хөнгөлөлтөнд хэзээ ч тэд орж чаддаггүй.
УМХГ-аас Замын цагдаа нарыг гурав хоног дагаж ажлыг нь шалгажээ. Тэгээд ажлын нөхцлийг нь судалж үзсэний эцэст “замын цагдаа бол маргаангүй хүнд нөхцөлд багтах ёстой ажил юм” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч цаасан дээр буусан энэ баримтыг зохих албан тушаалтан хэнбугай нь ч тоож харсангүй ээ. Тэгээд өнөөдөр зуу гаруйхан мянган төгрөгөөр цагдаа нар маань амьдралаа залгуулж явна. 27 жил зам дээр зогсож архаг хууч өвчтэй болсон нэгнийг нь харин олон жил ажилласан, цолны гээд нэмж нэмж 200 гаруйхан мянган төгрөгөөр цалинжуулдаг. Гэтэл өнөөдөр нэг ширхэг талх л 1000 төгрөг болчихсон байгаа шүү дээ.
Харин тэднийг халуунд сэрүүцүүлэгчээ нээж, хүйтэнд халуун паараа үлээлгэсэн эрхэм “автомашинтангууд” элдвээр хэлж, дайрчих шахан өнгөрнө. Дүрэм зөрчсөн ч “хэрэлдээд байхад даваад гардаг” гэсэн ойлголт манай жолооч нарын дунд үйлчилдэг гэлтэй. Замын цагдаа нарыг элдвээр нь дуудна. Гэтэл тэр жолооч ганцхан замын цагдаатай, харин тэр замын цагдаа 100 мянган жолоочтой харьцдаг гэдгийг тэд үл анзаарна. Анзаарсан ч амин хувиа хичээж, торгуулиас мултарч өнгөрөхийн төлөө л бүхнийг хийнэ. Хүний халуун амь, бүлээн цусаар бичигддэг ДҮРЭМ хэмээх зүй ёсны зүйлийг шаардсаныхаа хариуд элдвээрээ хэлүүлэх замын цагдаа гэдэг хүн хүсээд байх ажил биш юм аа.
Үүнийг унших хэн бүхэн “Замын цагдаа нар авилгал авдаг, торгуулийн мөнгө иддэг” гээд л хашгирч эхлэх байх. Уулын мод урттай богинтой гэдэг шиг олон хүн дотор сайн ч хүн бий, муу ч хүн бий. Цөөн хэдэн хүний буруутай үйлдлээс ЗЦГ-ын нийт цагдаа нарыг буруутган, тэднийг үзэн ядах нь тийм ч зөв байх учиргүй. Нэгэнт л та замын дүрэм зөрчсөн бол торгуулиа төлөх ёстой, харин төлбөрөө төлчихөөд өгөх ёсгүй юм өгчихсөн юм шиг, цагдаагийн хувийн халаасанд хийчихсэн юм шиг аашлах нь инээдэмтэй бус уу. Замын цагдаагийн нэр хүндэд муугаар нөлөөлдөг бас нэг зүйл нь зам тээврийн осол. Зам дээр гарсан зөрчлийг шийдвэрлэхээр ирсэн цагдаад дээрээс хэн нэгэн эрх мэдэлтэн утас цохиж “наад хүнийхээ зөв гэдгээр асуудлыг шийд” гэж хэлчихээд утас тасардаг нь нууц биш. Гэтэл тэр мундагдаж буй эрхмийн мэдэлд ажиллах цагдаагийн нэр төр л мууддаг байх жишээтэй. Энийг бичихээр сэтгүүлч миний бие хэд хэдэн замын цагдаа нартай уулзаж хэдэн төгрөгний цалин авдаг гэхчлэн энгийн зүйлсийг асуусан боловч тэд халгаагаагүй юм. “Бид энэ талаараа янз бүрийн юм ярьж болохгүй. Дарга нараас зөвшөөрөл авдаг” гэх нь үнэхээр тэднийг бусдын хараат байдалд яах ч аргагүйгээр ажилладаг гэдгийг батална. Нэг талаас хатуу дүрэм, нөгөө талаас олон дарга, өөр нэг талаасаа ууртай жолооч нарт хараалгаж зогсох замын цагдааг өмөөрч бичмээр санагдсан нь энэ ээ.
Эрхэм жолооч нар аа. Ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нарын ажлын эцсийн зорилго нь та бүхний амь нас, эд хөрөнгийг хамгаалж байгаа юм шүү гэдгийг ойлгооч. Таныг хамгаалалтын бүсээ бүсэл гэж хэлсний хариуд замын цагдаагийн цалин нэмэгдэхгүй. Харин таны амь нас аврагдана. Таныг дүрэм зөрчүүлэхгүйн тулд зургаан цаг тасралтгүй зам дээр зогсох цагдаа эцсийн эцэст таны болоод хайртай хүмүүсийн чинь эрүүл энх, сайн сайхны төлөө л шүү дээ. Энэ бүхнийг ойлгон ухаарч, хүн хүнээ хүндлэн дээдлэхийн ёсоор бусад жолооч нараа болоод замын цагдаа нарыг бага ч болов хүндэлж замын хөдөлгөөнд оролцож байгаач.
Эрхэм албан тушаалтан, дарга нар аа. Зам дээр зогсох цагдаа нарынхаа амьдрал, эрүүл мэндийг нэг анхаараад харчихаач. Дулаахан автомашин дотор залрах та ч, хүйтэн цементэн дээр зогсох замын цагдаа ч адилхан ХҮН гэдгийг бодолцож үзээч. Машиныхаа цонхыг онгойлгохоос ч дагжин чичирдэг өвлийн хүйтэнд тэд ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь сахин хамгаалж зогсдог гэдгийг нэг бодоод үзээрэй. Та бүхний өмнөөс зөвхөн шүүмжлэлээс өөр зүйлийг сонсохоо байсан эдгээр мартагдсан гэмээр хүмүүсийг харж үзэхгүй бол нэг л өдөр зам дээрээ өнхрөөд өгсөн байх вий.