Зах зээлд юу эрэлттэй байна тэр нь бизнес болон цэцэглэн хөгждөг. Яг л энэ дүрмээр эмэгтэйчүүдийн эмнэлэг гэдэг “бизнес байгууллага” цэцэглэн хөгжиж, хаана л бол хаана байна. Нэг талаараа сайн. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрүүл мэнддээ анхаардаг тул тэдний хүссэн газар нь энэ байгууллага байх учиртай. Харин нөгөө талаараа “Эмэгтэйчүүдийн эмнэлэг” гэсэн байгууллага нь өөрөө эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц эмчилгээ, үйлчилгээ хийгээд, түүнийгээ бүр “бизнес” болгон хөлжиж байгаа нөхдүүд ч байна. Энэ үйлчилгээг эсэргүүцэгч, их эмч Л.Баярсайхан “Үр хөндөлт бол амгалан тайван газар бөмбөг дэлбэлэхтэй адил зүйл” гэж хэлсэн байдаг. Үнэхээр л үр хөндөлт гэдэг эмэгтэй хүний эрүүл мэндэд тийм их хор хөнөөлийг авчирдаг байна.
2006 оны 10 сарын байдлаар 88 эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газар мэдээлж байлаа. Гэвч ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг жилд нилээн хэд нэмэгддэг гэж бодохоор өнөөдөр хэр хэмжээнд хүрсэн нь тодорхой. Үнэхээр аюулын харанга дэгдээж буй гол асуудлуудын нэг яах аргагүй мөн билээ. Үүнээс гадна хөдөө орон нутгуудад хувийн эмнэлгүүд ажилладаг гээд бодоод үзвэл мөн л овоо тоо гарна. Энэ олон эмнэлэг тус бүрт эмэгтэйчүүд минь үр хөндүүлж байгаа гээд бодвол даанч харамсмаар тоо гарах гээд байгаа биз. Гэтэл энэ олон эмнэлгүүдээс “манайх аборт хийдэггүй” гэж албан ёсоор хэлэх эмнэлэг олдох болов уу.
Социализмын үеэс эхлэн манайхан худлаа тоо баримт гаргахдаа гаршсан улс. Тэр тоо баримтаар бол өнөөдөр жилд 12 мянга гаруй охид эмэгтэйчүүд үр хөндүүлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр. Энэ тоог гаргаж буй олон эмнэлэг өдөрт хичнээн үр хөндөлт хийж, жилд хичнээн эмэгтэй үр хөндүүлж байгааг бодитоор гаргах боломж байхгүй байна. Учир нь эмнэлгүүд тоо баримтаа дарж өгдөг гэнэ.
Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 5,9 хувийг 20-иос доош насны, 70,6 хувийг 20-34 насны, 23,6 хувийг 35-аас дээш насны эмэгтэйчүүд тус тус эзэлж байна. Хамгийн харамсалтай нь үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 46 хувь нь анх удаа үр хөндөлт хийлгэсэн байдаг ба тэдний 16 хувь нь оюутнууд байна.
“Яагаад” гэсэн асуултанд “нөхөр байхгүй”, “эдийн засгийн боломжгүй”, “цаг нь болоогүй” зэрэг шалтгаануудыг хэлэх аж. Тиймээс ч үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн 95 хувь нь өөрийн хүсэлтээр, үлдсэн таван хувь нь л эмнэлгийн заалтаар үр хөндүүлдэг. Тэгвэл үр хөндүүлснээр ямар хор уршиг учрах вэ:
-Цус алдалт. Яг үр хөндөх үед цус алдах нь ховор тохиолддог. Гэвч хожуу үед аборт хийлгэхэд цус алдах эрсдэл өндөртэй.
-Умайн цооролт. Ихэвчлэн мэс заслын үр хөндөлтийн үед тохиолддог. Эмчийн туршлага, жирэмсний хугацаанаас хамаарна.
-Умайн хүзүүний гэмтэл. Эмчийн туршлагаас хамаардаг. Умайн хүзүү шархлах, мах ургах зэрэг эмгэг үүсдэг.
-Юм үлдэх. Элбэг тохиолдох хүндрэл. Зохих арга хэмжээ авахгүй бол халдварын аюул болдог. Амь насаа алдах нь ч бий.
-Абортын дараах халдвар. Хамгийн элбэг байдаг. Төрөл бүрийн бэлгийн замын халдвар, үрэвсэл гээд бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин хүртэл үүсдэг. Үүнийг дагаад үргүйдэлт эсвэл умайн гадуурх жирэмслэлт зэрэг асуудлууд үүснэ. Тиймээс абортын өмнө зохих шинжилгээнүүд, урьдчилан сэргийлэх эмийн эмчилгээгээр энэ хүндрэлийг бууруулдаг.
Нэгэнт бүсгүй та үр хөндүүлэхээр шийдсэн бол өмнө нь шинжилгээ өгч, цусны бүлэгнэлээ тогтоолгох хэрэгтэй. Тэгвэл дараах үр дагавар нь бага байх магадлалтай.
Эцэстээ, энэ сэдвээр бичиж байгаа би өөрөө ч үр хөндөлтөнд хэнийг буруутгахаа мэдэхгүй юм. Нэг талаасаа үнэхээр хүүхэд төрүүлчихээд өсгөж чадахгүй, ямар ч эдийн засгийн боломжгүй байгаа эмэгтэйд буруу байхгүй мэт. Нэгэнт үр хөндүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд олон байгаа тохиолдолд түүнийг хийж гүйцэтгэж байгаа эмчид буруу байхгүй мэт. Үр дагавар нь өнөөх л нийгэм рүү яах ч аргагүй орж байгаа юм. Хэрэв эмэгтэйчүүд хүүхэд төрүүлчихээд сайн ээж болж чадахгүй байх вий гэхээс биш харин сайн хоол өгч чадахгүйдээ зовнидоггүй байсан бол, нийгэм сайн сайхан бүхнийг бүрдүүлсэн байсансан бол бид өнөөдөр үр хөндөлтийг бууруулъя гэж ярихгүй байсан. Нэгэнт нийгэм, эдийн засаг эмэгтэйчүүдийг энэ байдал руу түлхэж байгаа болохоор чанартай үйлчилгээг үзүүлэх тал дээр ч анхаарах ёстой.
Гадны орнуудад зөвхөн үр хөндөлтөөр дагнан мэргэшсэн эмч нар байдаг. Тэд үр хөндөлтийг хийдэг. Гэвч чанарын өндөр түвшинд, эмэгтэйн биенд муу үр дагавар гаргахгүйгээр хийдэг. Тэднийг чанарын өндөр түвшинд байхыг байнга сануулж, шалгаж байдаг. Гэтэл манай улсад эмчилгээ, үйлчилгээ чанартай байна уу гэдгийг шалгах нь бүү хэл, жилд хичнээн эмэгтэй үр хөндүүлж байгааг бодитой гаргасан тоо баримт ч байхгүй. Тийм боломж байхгүй гэдгийгээ мэргэжлийн байгууллагууд нь хэдийнээ хүлээн зөвшөөрчихсөн. Гэтэл цаана чинь 26-хан настай бүсгүй 18 удаа үр хөндүүлсэн тохиолдол ч байна шүү дээ. Харамсалтай нь тэр эмэгтэйг аль ч эмнэлэг нь ном ёсны дагуу бүртгэж аваагүй байгаа юм.
Холбогдох байгууллагуудад хэлэхэд, нэгэнт үр хөндөлт хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд байгаа, үр хөндөлтийг хангалттай хийж байгаа юм чинь ядахдаа чанараа дээшлүүлье. Хүн чанараа дээдэлж, тоогий нь цөөлье. Ном ёсных нь дагуу хийдэг болгоё. Хэн, хэзээ хийлгэсэн, үр хөндөлтийн явц ямар болж дууссан, түүний дараа анхаарах юу байсан, дахин ирж үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэхийг эмнэлгүүд бүртгэдэг больё.
Харин бүсгүйчүүддээ дахин сануулахад “үр хөндүүлнэ гэдэг тайван газар бөмбөг дэлбэлсэнтэй адил зүйл” шүү. Хэдийгээр та эмнэлгийн байгууллагад хандаж байгаа ч тэд таны “ээж” биш шүү дээ. Тиймээс та л эрүүл мэндээ анхаарах ёстой. Эрүүл сайхан биеэ эвдүүлж, өдөр хоногоор бойжиж, ирээдүйд эх хүн болох танаас аврал эрж буй бяцхан үрээ хэвлийд нь бүү хөнөөгөөрэй. Магадгүй арван сар тээлгэж, ангир шар уургийг чинь амалчихаад хүн болж өсч өндийхийн цагт таны төсөөлөөгүй тэр ачлалыг үзүүлэх ч юм бил үү. Таныг “ээж ээ” хэмээн шулганах бяцхан үрээ харах тэр мөчид “ямар азаар би хүүхдээ устгуулсангүй вэ” гэж алга хавсран залбирах ч юм бил үү. Зовлон жаргал үргэлж ээлжилж байдгийг бүсгүйчүүд минь битгий мартаарай.
Мэдээж эмэгтэйчүүд дангаараа хүүхэдтэй болох боломжгүй байдаг тул эрчүүд ч бас үүнд анхаарлаа хандуулах ёстой юм. Нэгэнт хийсэн алхамдаа хариуцлагатай хандаж, түүнийхээ үр дагаврыг хүлээдэг байх нь монгол эр хүнд байх ёстой зан чанарын нэг мөн болов уу. Хэрвээ үнэхээр тухайн эмэгтэйг хүүхэдтэй болгох хүсэлгүй байгаа бол хамгаалах хэрэгслүүдийг сонгох, хүүхэдтэй болсон бол зохих анхаарлыг хандуулах нь эр хүний зайлах аргагүй үүрэг мөн билээ.