Өнөөдөр дэлхий дээр нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи орж байна. Жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж, үүнээс 320000 нь 15-29 насныхан байна.
ДЭМБ жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа юм.
Аймшигтай тоо байгаа биз. Тийм ээ, итгэхийн аргагүй. Гэвч гашуун үнэн бол ердөө л энэ.
Ихэнх тохиолдолд архины хор нөлөө удаан хугацаанд мэдэгддэг учир эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүйгээс болж олон мянган гэр бүл архидалт хэмээх өвчинд нэрвэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт эрэгтэйчүүдийн 39.7, эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байгааг саяхан нэгэн судалгаа харуулсан.
Тэр бүү хэл “архидалт” гэх аймшигтай зүйл монголын ирээдүй хойчийг авч явах залуу үе, үр хүүхдүүд рүү минь довтолж буйг 2009 онд өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаа харуулна. Энд дурьдсанаар 14-16 насны хүүхдүүдийн 70,6 хувь нь нэг болон түүнээс дээш удаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн хэмээн хариулжээ. Энэ насныхны 5,2 хувь нь долоо хоногт тогтмол 2-3 удаа согтууруулах ундаа хэрэглэдэг байх юм. Харамсалтай нь өсвөр үеийнхэнд архины хор хөнөөлийн талаарх сургалт сурталчилгаа явуулахаас илүүтэй архины гоё сайхныг магтан дуулсан, архины чанар чансаатайг гайхуулсан сурталчилгаа хэвлэл мэдээллээр өдөр бүр цацагдсаар.
Өнөөдөр долоо хоногт 2-3 удаа согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүүхдүүд ирээдүйн өвгөнтийнхний хүрээг тэлэхэд бэлтгэгдэж байна. Харин томчууд бидэнд энэ байдлыг зүгээр хараад суух эрх байхгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах архины далд сурталчилгаа хэрээс хэтэрч, бөглөө таглаа сурталчилахаас эхлээд аливаа уралдаан тэмцээн, урлаг соёл, хүмүүнлэгийн ажиллагааг ивээн тэтгэж өсвөр үеийнхний тархинд “архи бол сайн, сайхан зүйл” гэх мессэжийг байнга өгч, хууль зөрчсөөр байна. Эдгээр хууль зөрчигчидтэй тэмцэж байгаа ч хараахан зогсчихоогүй л байна. Тэгвэл одоо тэдний эсрэг хуулиар тэмцээд нэмэргүй юм бол архины эсрэг сурталчилгааг архины далд сурталчилгааны араас цацаж байвал ямрав?
Архины үйлдвэрүүдэд сурталчилгааныхаа мөнгөн дээр, торгуулийнхаа мөнгийг нэмж төлөөд явах бэнчин байдаг. Учир нь тэдний байнгын хэрэглэгчид дээр дурьдсанаар Монголчуудын 40 гаруй хувь шүү дээ. Тэд энэ хэрэглэгчдийнхээ тоог нэмэхийн тулд юу ч хийхээс буцахгүй улс.
Өнөөдөр манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 103 аж ахуйн нэгжийн 128 үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр 2010 оны эхний 11 сарын байдлаар нийт 18,5 сая литр архи, 40,5 литр шар айраг үйлдвэрлэснийг бид ууж баржээ. Энэ тоог идэвхтэй хүн амд харьцуулж үзвэл нэг хүн 49 литр согтууруулах ундаа хэрэглэж байна. Энэ тоонд импортын согтууруулах ундааны тоог хамруулаагүй гэдгийг дуулгая. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар нэг хүн амд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давсан тохиолдолд тухайн улс үндэстнийг “мөхлийн ирмэг”-т тулсан хэмээн тооцдог байна. Тэгвэл бид хэдийнээ архин далайд живж, мөхчихөөд байна биш гэж үү?
Дээрх үйлдвэрүүдийн спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 200 сая төгрөг, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 100 сая төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж тус бүр 50 сая төгрөг байхаар шинэчлэн баталсан. Үүн дээр согтууруулах ундаа импортлох, худалдаалах, үйлчлэх орлогууд ч нэмэгдэнэ.
Эд нийлээд багагүй мөнгийг бүрдүүлэх болно. Тэгвэл татвараас бүрдсэн мөнгөний бага боловч хувийг архины хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаанд зарцуулбал ямар вэ гэдэг саналыг энэхүү нийтлэлээрээ холбогдох хүмүүст нь дамжуулан хүргэж байна.