Цахилгаанаар ажилладаг, байгальд ээлтэй скүүтер гэх унааг гадаадын улс орнуудад өргөнөөр хэрэглэх болсон. Манай улсад ч урин дулаан цагт энэ төрлийн унаа олширдог. Зай бага эзэлдэг, эвхээд явах боломжтой уг унааг сонирхдог залуусын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Улмаар скүүтерийн хэрэглээг илүү өргөжүүлэхийн тулд нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Nordic crystal star” компанитай хамтран “Ulaanbaatar e-scooter” төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад буй билээ. Үүний хүрээнд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг нийслэлд нэвтрүүлэх гэнэ. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж манай нийслэлд бий юү, ялангуяа зориулалтын зам байгаа бил үү гэдэг нь төсөл хэрэгжүүлэхийн өмнө зайлшгүй хөндөх ёстой асуудал. Түүнчлэн цахилгаан скүүтер нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад тусалж чадах уу. Хэр эрсдэлтэй вэ зэрэгт хариулт хайж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. XIII хорооллоос Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу алхахад 36 минут зарцуулж байв. Харин скүүтер унасан залуус энэ замыг хэдий хугацаанд туулж буйг сонирхлоо.
...Нийслэлд дугуйн байтугай явган хүний зам ч стандартын бус, хүрэлцээгүй байдаг. Нөгөө талаар иргэд ч замын хөдөлгөөний соёлгүй зэргээс шалтгаалан скүүтерийг өргөн хүрээнд ашиглаж чадах, эсэх нь эргэлзээтэй...
“ЯВГАН ЗОРЧИГЧИД БИДЭНД ДУРГҮЙ”
“Офицеруудын ордноос Сүхбаатарын талбай хүртэл дугуйн замтай болохоор шууд л уруудчихдаг, цаг харж байсангүй. Найз минь МУБИС-иас Төв шуудан хүрэхэд дөрөвхөн минут зарцуулсан гэж байсан. Би жил бүрийн арваннэгдүгээр сараас эхлэн хоёрдугаар сарын сүүлч хүртэл автомашинаа унадаг юм. Сургууль, цэцэрлэгийн оргил ачаалалтай, цас орсон үед замын түгжрэл ихсэж, заримдаа тэг зогсдог. Тийм үед алхаж яваа хүнд атаархах сэтгэл төрдөг шүү. Одоо дулаарсан болохоор скүүтерээ унаж байгаа. Энэ нь цаг маш сайн хэмнэнэ. Ажлаасаа хоцрохгүй, түүртэх зүйлгүй. Гэсэн ч хотын дэд бүтцийн асуудлаас болж бухимдах зүйл бишгүй. Дугуйн замаар явахаар явган зорчигчид биднийг таатай хүлээж авдаггүй. Алхаж байгаа хүмүүс дугуйн болон явган хүний замаа ч ялгаж мэдэхгүй. Бие биеэ хүлээн зөвшөөрөх, хүндлэх хандлага сул” хэмээн таван жил скүүтертэй “нөхөрлөсөн” П.Батпүрэв өгүүлэв.
Явган зорчигчдоос П.Батпүрэвийн хэлсэнтэй санал нийлэх, эсэхийг нь тодруулсан юм. “Ковид”-оос болоод нийтийн тээвэрт суухаас цэрвэж, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ажил, гэрийн хооронд өдөрт зургаан км алхдаг болсон. Скүүтертэй ховор таардаг. Олноор нь хөдөлгөөнд оролцуулбал явган зорчигчдод төвөгтэй байх. Зориулалтын зам муутай, энэ төрлийн унаатай бид зохицож сураагүй. Жишээ нь, дугуйтай хүмүүстэй хамт явган хүний замаар зорчиход бэрхшээлтэй байдаг. Зарим нь ард чимээгүй явж байснаа гэнэт дохио өгч цочоох зэрэг асуудал тулгардаг юм. Тиймээс олноороо скүүтертэй хөдөлгөөнд оролцоно гэхээр одоохондоо санаанд буухгүй л байна” гэж явган зорчигч Г.Галтбаяр ярилаа.
...Ямартай ч цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг ирэх тавдугаар сараас эхлүүлэхийг дээрх төслийнхөн мэдээлсэн...
НОГООН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ЭХЛЭЛ НЬ СКҮҮТЕР
Өмнө дурдсан цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ явуулах “Ulaanbaatar е-scooter” төслийнхөн албан ёсоор үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй аж. Гэсэн ч иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор фэйсбүүкт хуудас ажиллуулаад эхэлжээ. Уг төслийн санаачлагч, “Nordic сrystal star” компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнх-Одтой холбогдож, скүүтер түрээсийн үйлчилгээний давуу тал, дэд бүтэцтэй холбоотой зарим зүйлийг тодруулахад “Нэг хүний нийтийн тээвэр гэж хэлж болох, хоёр дугуйтай, гүйж байгаа хүнтэй адил буюу цагт 23 км-ээс илүү хурдлахгүй цахилгаан скүүтер нь ногоон тээврийг хөгжүүлж, түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулж чадна. Мөн агаар бохирдуулахгүй, дуу чимээгүй зэрэг давуу талтай. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг. Манайд дугуйн болон явган хүний зам хязгаарлагдмал учраас эхний ээлжид 400 скүүтер түрээсийн үйлчилгээнд гаргана. Түрээсийн төлбөрийг нэг минутын 250-350 төгрөгөөр тооцно. Аюулгүй, соёлтой үйлчилгээг хэвшүүлэх үүднээс автомашины замаар явахгүй, зөвхөн дугуйн болон явган хүний замаар зорчино. Хурдны тохиргоотой, байршил тогтоогчтой, зөвхөн утасны аппликэйшнээр л ажиллах боломжтой скүүтерийг хэрэглэгч цагийн хязгааргүй унахаас гадна хотын төвийн зориулалтын 30 зогсоолд үлдээх боломжтой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны хүрээнд бодлого, хууль, эрх зүйн орчинд зохицуулалт хийх, хэвлэл мэдээл лийн хэрэгслээр бодит мэдээлэл өгөхөд анхаарах юм” гэв.
ЗАСМАЛ ЗАМД Л ЗОРИУЛАГДСАН УНАА
Нийслэлд дугуйн байтугай явган хүний зам ч стандартын бус, хүрэлцээгүй байдаг. Нөгөө талаар иргэд ч замын хөдөлгөөний соёлгүй зэргээс шалтгаалан скүүтерийг өргөн хүрээнд ашиглаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс залуус скүүтерийг хэр их унадаг болсон, голчлон хэдэн насныхан үйлчлүүлдэг, үүнийг жолоодож сурахад хэр хугацаа зарцуулдгийг сонирхохоор “Joyor Mongolia” дэлгүүрийг зорилоо. Тус дэлгүүрийнхэн скүүтерийн худалдаа эрхлээд таван жил болж буй гэнэ. “Манай дэлгүүрээр голдуу 18-40 насныхан үйлчлүүлдэг. Тэнцвэрээ олж чадвал скүүтер жолоодох нь дугуй унахаас ч амархан. Скүүтер дээр зогссон хүний хөл газартай ойрхон болохоор унаж бэртэх нь ховор. Скүүтер дээрээ мод шиг зогсоод байх бус, биеийн тэнцвэрээ урагш, хойш шилжүүлж явснаар тонгорч унах эрсдэлээс сэргийлдэг. Тоормосны зам нь урт учраас бороо, цастай үед хурдан явж болохгүй. Замын нөхцөлдөө тохируулж хурдаа сонгох шаардлагатай. Бүх төрлийн скүүтер усны хамгаалалтгүй тул хүчтэй бороонд явахгүй, гүнзгий ус туулж болохгүй. Зөвхөн засмал замд л зориулагдсан скүүтерт тусгайлсан хууль дүрэм гэж байхгүй. Унадаг дугуйн дүрмээр л зорчдог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр явган хүний зам дээр, 14-өөс дээш насныхан зориулалтын зам, эгнээ байхгүй тохиолдолд зорчих хэсгийнхээ баруун захаар нь явна гэж заасан байгаа. Манай хотод дэд бүтэц хязгаарлагдмал учраас явган зорчигчоо хүндлээд, дохио гөлгүйгээр тойроод гарах зэргээр бие биеэ ойлгож, хандлагаа өөрчлөхөөс л хөдөлгөөний соёл эхэлнэ” хэмээн тус дэлгүүрийн менежер Г.Тэнгис ярилаа.
Ямартай ч цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг ирэх тавдугаар сараас эхлүүлэхийг дээрх төслийнхөн мэдээлсэн. Хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй буюу нийслэлд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх “Ubike” төслийг нийслэлийн ЗДТГ болон “Никель Ганба” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байв. Энэ нь мөн л авто замын түгжрэлийг багасгах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж байсан. Гэтэл дэд бүтэц, зориулалтын дугуйн зам муутай, иргэд энэ төрлийн үйлчилгээнд дадаагүй зэрэг олон шалтгааны улмаас уг төслийг жил хүрэхгүй хугацааны дараа бүрэн зогсоосон юм. “Ubike” төслийн хүрээнд 21 байршилд 100 гаруй дугуй үйлчилгээнд гаргаж байсан. Тэгвэл “Ulaanbaatar e-scooter” төслийн хүрээнд 400 скүүтер хөдөлгөөнд оролцуулахыг дээр дурдсан. Мэдээж унадаг дугуй болон скүүтер унах нь эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй. Хувийн хэвшлийн компанийн хувьд ч шинэлэг зүйл санаачилсан нь сайн хэдий ч удаан хугацаанд хэрэгжүүлэх хөрс сууриа сайн бэлдэж, ялангуяа дэд бүтцээ сайжруулахад анхаараасай. “Ulaanbaatar e-scooter” төсөл “Ubike” шиг нэг жил ч болохгүй мартагдах юм биш биз.
Бэлтгэсэн: Ю.Төгсжаргал