Бүгд Найрамдах Индонез Улсад зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн бага хурлын V их хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уг бага хурал нь 119 орны Үндсэн хуулийн шүүх, зөвлөл, дээд шүүхүүдийг нэгтгэдэг бөгөөд энэ удаа 95 улс, олон улсын дөрвөн байгууллагаас нийт 530 гаруй төлөөлөгч очсон байна. Энэ үеэр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн салбар хуралдааныг Цэцийн гишүүн Д.Одбаяр даргалжээ. Гишүүн орнуудын Үндсэн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх зорилгоор Индонезийн Үндсэн хуулийн шүүхээс Үндсэн хуулийг дээдлэх ёсны индекс нэвтрүүлэхийг санал болгосон аж. Уг индекс нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн хамгаалалт, ардчилал, нийгмийн шударга ёс, маргаан шийдвэрлэлт зэрэг цогц үзүүлэлтээр Үндсэн хуулийн хэрэгжилтийг хэмждэг гэнэ.
Бэлтгэсэн У.Наран