Зураач О.Хүдэрчулууны “Хотулун гүнж”
Зураачдын түүхэн сэдэвт бүтээлийн “Домгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өчигдөр нээлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хотулун гүнж” уран сайхны киногоо бүтээж, дэлхийд Монголыг таниулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зураачид нэгдэн ийнхүү үзэсгэлэн гаргажээ. Урлагийн бүтээл эзэндээ очсон тохиолдолд үнийн дүнгийн тодорхой хувийг кино бүтээгчдэд хандивлах юм байна.
Үзэсгэлэнгийн танхимын үзэгчдийг угтах хэсэгт “Ямар ч улсад, ямар ч цаг үед урлагийн төрлүүд гоо сайхныг мэдэрч ойлгодог, таашаал авдаг, авьяасыг дэмждэг хүмүүсийн дэмжлэггүйгээр хөгждөггүй. Урлагийн бүтээлд дурлаж, дэмжиж, хөрөнгө оруулах нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж, бусдад хийж бүтээх урам хайрлан, нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулж буй маш үнэ цэнтэй, чухал үйлс билээ” хэмээн бичсэн байв.
Нээлтийн үеэр зохион байгуулсан дуудлага худалдаагаар зохиолчийн “Хотулун гүнж” романы хавтасны бүтээлийг уран зураг цуглуулагч нэгэн худалдаж авсан байлаа. Олон янзын, зураач тус бүрийн сэтгэлд мэндэлсэн Хотулун гүнж энд байгаа нь сонирхолтой. Зарим нь уг түүхэн дүрийн төрхийг өнөөгийн олны танил бүсгүйчүүдийн царайгаар дүрсэлсэн байв. Үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.