Морин хуурын чуулга энэ сарын 30, 31-нд “Поэма” дан хөгжмийн концерттой. Тус чуулгынхан уг нь нэг өдөр тоглохоор товлосон ч тасалбар нь нүд ирмэх зуур дуусжээ. Тиймээс үзэгчдийн хүсэлтээр 31-нд дахин тоглохоор болсон. Энэ үдэш зөвхөн монгол бүтээлүүд сонсгоно. Хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын флейт хөгжимд зориулсан “Интермеццо”-г хөгжимчин Г.Гэрэлцэцэг гоцлох аж. Мөн Х.Мөнх-Ертөнцийн олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд шагналт байр эзэлсэн Морин хуурын чуулгад зориулсан концертын “Уран сэтгэмж”- ийг тоглоно. Түүнчлэн Х.Алтангэрэлийн шинэ бүтээл Морин хуурын чуулгад зориулсан “Хүрдэн” концертыг анх удаа хүргэнэ. Үүнээс гадна хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хоёр бүтээлийг эгшиглүүлэх юм байна. Ёочингийн концертыг нь тус чуулгын хөгжимчин Б.Алтантуул сонордуулах бол морин хуурын V концертыг нь морин хуурч, концертмейстер, удирдаач Н.Жигжиддорж тоглох ажээ.
Бэлтгэсэн: О.Оюунаа