ОХУ-ын Пермь хотод тус улсын алдарт уран бүтээлч Е.Максимовагийн нэрэмжит олон улсын балетын уралдаан эхэлжээ. Уралдааны нээлтэд зориулсан В.Гаврилины бүтээл “Анюта” балетын гол дүрд тухайн театрын тэргүүн гоцлоочоор ажилладаг Р.Булган тоглосон аж. Анютагийн эцэгт балетчин, багш, театрын найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн байна. Дэлхийд “балетын хаан” хэмээн өргөмжилдөг түүнтэй монгол уран бүтээлч хамтран гол дүр бүтээсэн нь манай улсын сонгодог урлагийн түүхэнд тодоор бичих үйл явдал болов. Энэ тухай АНУ-д амьдардаг, “World ballet grand prix” компанийн уран сайхны удирдагч У.Бат-Эрдэнэ “В.Васильев бол хэн хүссэнийг гол дүрд тоглуулдаг балетмейстер биш. Тэгэх тусмаа өөрөө хамтрахгүй. Түүний шалгуурт тэнцэнэ гэдэг нь том үнэлгээ юм” хэмээлээ.