МУИС-ийн номын сангийнхан монгол бичгээр хэвлэсэн ховор ном, бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр нээв. Эл арга хэмжээ нь ховор ном, бүтээлийг илрүүлэх, сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой аж. Үзэсгэлэнд МУИС-ийн сан хөмрөг дэх ховор 399, монгол бичгээр хэвлэсэн 600 номыг дэлгэв. Мөн Монгол хэл шинжлэл, Түүх, Философи, Шашин судлалын тэнхимд хадгалж буй 95 бүтээлийг танилцуулжээ. Тухайлбал, 1909 онд Харбинд монгол хэлээр гаргасан “Монголын сонин бичиг” сонины 260 гаруй дугаарыг гараар хуулбарлаж, бичгийн машинаар кирилл үсэгт буулгасныг дэлгэн харуулав. 1975-1979 онд Энэтхэгийн соёлын хороонд хэвлэсэн уйгаржин бичиг бүхий “Монгол ганжуур” 83 боть, Бээжинд гаргасан “Хятад ганжуур” 168 боть ном, хятад бараар барласан “Банзрагч судар” зэрэг ховор бүтээлийг танилцууллаа.
Үзэсгэлэнгийн онцлох бүтээл нь 1919 оны “Эмэгтэйчүүдийн эрх” сэтгүүлийн 10 дахь дугаар байв. Уйгаржин бичгээр бичсэн 10 хуудас бүхий тус сэтгүүл нь “Ардын улаан цэрэг ба эмэгтэйчүүд”, “Үйл ба эмэгтэйчүүд”, “Ажилгүй эмэгтэйчүүдийн амьдрал”, “Тува улсын эмэгтэйчүүдийн байдал”, “Өчүүхэн эмэгтэйчүүд” зэрэг нийтлэлийг багтаажээ. Мөн 1936 онд хэвлэсэн Жюль Верний “Арван таван наст Капитан” гэх нэн ховор 380 хуудастай бүтээл ч энд бий. МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн “Манай номын сангийн ховор ном болон монгол бичгээр хэвлэсэн бүтээлүүдийг анх удаа олон нийтэд танилцуулж буй. Эдгээр ном, товхимол нь уйгаржин монгол бичгээр хэвлэсэн гэдгээрээ онцлог. Монгол Улсын өөр аль ч номын санд байхгүй, эртний нандин 30-40 ном, товхимол манайд бий. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал олон нийтэд нээлттэй. Үүнээс гадна МУИС монгол бичгийн уншлагын танхим нээж буйг дуулгая” гэв.
Монгол бичгийн уншлагын танхимын нээлтийг мөн өчигдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр зохиолчид, хувь хүмүүсийн хадгалж буй ховор ном, гар бичмэлийг танилцуулж, чөлөөт ярилцлага, уран бичгийн үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа болов. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор Д.Заяабаатар “2025 он гэхэд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хуультай. Үүнтэй холбогдуулан хос бичигтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага буй. Манай улсад ийм ном байдаг хэрэг үү гэж гайхахаар ховор судалгааны бүтээлүүдийг эл үзэсгэлэнд дэлгэжээ. Ялангуяа санхүүгийн холбоотой номыг уйгаржин монгол бичгээр таталган бичсэн нь гайхамшигтай юм. Эдгээр бүтээл бол судалгааны чухал хэрэглэгдэхүүн, үнэ цэнтэй баримт. Цаашид номын сандаа монгол бичиг, соёлын танхим байгуулах шаардлагатай” хэмээв.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр