Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуурийн найруулагч Л.Эрдэнэбулганы 80 нас, дуурийн урлагт зүтгэснийх нь 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уг тэмдэглэлт ойг тохиолдуулан найруулагчийн насаараа ажилласан байгууллага нь болох ДБЭТ-ын хамт олон түүнд хүндэтгэл үзүүлж, уран бүтээлээс нь дээжилсэн “Сонгодог жаран” тоглолт зохион байгуулсан нь хэн хүний сэтгэлийг хөдөлгөв. Тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчид эхлэх цагийг хүлээн, энд тэнд ярилцан зогсоно. Их урлагийн үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид тэнд цугларсан байв. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Ардын жүжигчин, дуурийн гоцлол дуучин А.Долгор, Ардын жүжигчин Д.Ухнаа нарын олон алдартан, ахмад уран бүтээлчийн царайд баярын мишээл тодорчээ. Тоглолтын тухай мэдээлэл бүхий самбарын өмнө хүмүүс ээлж ээлжээрээ зургаа авхуулж, энэхүү сонгодог үдшийг баримтжуулан үлдээж байлаа. “Сонгодог жаран” тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, удирдаачаар Ц.Гансүх, Д.Нямдаш нар ажилласан юм.
ДУУЧНААС НАЙРУУЛАГЧ БОЛСОН ЗАМНАЛ
Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган амьдралынхаа 60 жилийг улсдаа дуурийн урлагийг хөгжүүлэхэд зориулж, энэ төрлийн урлагт монголчууд дэлхийд цойлох хүртэлх амжилтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Тайзнаа найруулж бүтээсэн дуурь бүр нь хөдөлшгүй, мөнх настай болсныг энэхүү үдэш илэрхийлнэ. Урлагийн “тогоо”-ноос гарч үзээгүй түүний амьдрал, уран бүтээлийн түүх нэг талаар товчхон мэт боловч асар баялаг ажээ. Товчхон гэдэг нь дуурийн театрт л насаараа ажилласныг нь тодотгосон хэрэг билээ.
Л.Эрдэнэбулган 1960 онд Улсын хөгжимт драмын театрт дагалдан дуучнаар ажилд орсон аж. Хоёр жилийн дараа Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотыг зорьж, тус улсын Консерваторт дуурийн дуучны ангид таван жил суралцжээ. Сургуулиа төгсөөд 1975 он хүртэл улсынхаа дуурийн театрт гоцлол дуучнаар ажилласан байна. Залуу дуучин 1968 онд л гэхэд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд тоглохоос эхлүүлээд үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьт гол, туслах дүр бүтээжээ. Удалгүй түүнийг төрөөс ЗХУ-ын Ленинград хотын Консерваторын хөгжмийн театрын найруулагчийн ангид илгээсэн бөгөөд тэнд 1975-1980 онд суралцаж, төгсжээ. Тэр цагаас хойш 1993 он хүртэл дуурийн театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаад, өдгөө гавьяаныхаа амралтыг авсан. Гэхдээ найруулагч хуулийн хүрээнд тэтгэвэрт гарсан ч уран бүтээлээ огт ч орхиогүй. Харин өдгөө өөрийгөө “Хөдөөний хүн болсон” гэх бөгөөд төрөлх нутагтаа амьдарч буй гэнэ. Өдгөө нас өндөр болсон ч тэрбээр төрөлх Булган аймгийнхаа Хөгжимт драмын театрынханд зөвлөгөө өгч, хамтран ажилладаг болжээ.
СОНГОДГУУДЫН ҮДЭШ
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс өнгөрсөн нэгдүгээр сард хорио цээрийн дэглэм тогтоон, саяхныг хүртэл үзвэрийн газруудыг түр хаасан байв. Харин өнгөрсөн сарын 16-наас соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан ДБЭТ тоглолтын 58 дахь улирлаа энэ сарын 3-нд “Учиртай гурван толгой” дууриар эхлүүлсэн юм. Энэ жил тэгш ой нь тохиох олон үйл явдал давхцаж буйг тоглолт зохион байгуулагчид онцолсон. Тодруулбал, Л.Эрдэнэбулган найруулагчийн 80 нас, дуурийн их урлагт зүтгэснийх нь 60 жилийн ойгоос гадна Монгол Улсад хөгжмийн театр үүсэж хөгжсөний 70 жил тохиож буй аж.
Тайзны улаан хөшгийг дээш алгуур өргөхөд симфони найрал хөгжимчид, найрал болон гоцлол дуучид байраа аль хэдийн эзэлсэн байсан бөгөөд “Чингис хаан”, “Үүлэн заяа”, “Хөхөө Намжил”, “Үнэн”, “Ламбугайн нулимс” гэсэн Монголын дуурийн урлагийн сор болсон үндэсний таван бүтээлийн нэг нэг үзэгдлийг үзэгчдэд хүргэсэн юм. Дууриас дуурийн хооронд үзэгчид алга нижигнүүлэн ташиж, сэтгэл хөдлөлөө илэрхийлсээр байлаа. Уг нь танхимд гар утсаар бичлэг хийхийг хориглодог ч энэ дүрмийг зөрчсөн хэд хэдэн үзэгч харагдсан.
Тоглолтын хоёрдугаар хэсэгт дэлхийн сонгодог дууриудын үзэгдлийн хэсгээс хүргэсэн нь сэтгэл татам байв. Дуучдын хоолой, дүрээ илэрхийлэн жүжиглэх уран чадвар, тайзан дээр биеэ авч яваа байдал зэргийг харахад бахдам сайхан. Тэдний хэлж буйг тэр бүр “барьж авч” чадахгүй ч, үйл явдалд нь хөтлөгдөж орхино. Ялангуяа залуу уран бүтээлчид ард түмний сэтгэлд зүрхэнд хоногшсон дүрүүдийг бүтээхдээ өмнө нь тоглосон жүжигчдээс дордуулахгүй байхыг хичээдэг гэдэг. Энэ нь батлагдах ч шиг. Тайз засал, хувцас эдлэл, жижиг хэрэглэл зэргийг тухайн үеийн ахуй орчныг яг л бодит мэт харуулахуйц бүрдүүлсэн нь гайхалтай. Монгол Улсад дуурийн урлаг хөгжиж, төлөвшихөд найруулагч Л.Эрдэнэбулган ямар хувь нэмэр оруулсан талаар энэ үдшийн тоглолтоор цэгцтэй ойлголт өгч чадсан юм.
Ж.Бизе “Кармен” дуурийн хоёрдугаар үзэгдлийн хэсэг
“ШИД НЬ БҮРДСЭН” АВЬЯАСТАН
Их урлагийн нэрт зүтгэлтэн зөвхөн дуурийн дуучин, найруулагч биш юм. Тэрбээр дундаршгүй авьяастан. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн л гэхэд түүнд санал тавьснаар цөөнгүй киноны гол дүрийг бүтээжээ. Тухайлбал, тэд “Хатанбаатар Магсаржав”, “Зарлаагүй дайны оршил”, “Нарны унага” зэрэг дэлгэцийн найман уран бүтээлд хамтран ажилласан байна.
Л.Эрдэнэбулган найруулагч ер нь нийт 29 дуурь бүтээж, найман кинонд тоглож, 200 гаруй концерт найруулжээ. Мөн долоон удаа гадаадад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулсан аж. “Монголын ханхүү” нэртэй олон улсын дуурийн наадмыг ч эх орондоо анх удаа санаачлан явуулсан байна. Сонирхуулахад, тэрбээр “Халуун элгэн нутаг”, “Ургацын далай” зэрэг уран бүтээлийг анх дуулж, радиод бичүүлж байжээ.
Хүндэтгэлийн тоглолт үзсэн уран бүтээлчдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.
Г.ЭРДЭНЭБААТАР (ДБЭТ-ын ерөнхий найруулагч):
-“Сонгодог жаран” уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолтод найрал болон гоцлол дуучид, хөгжимчид, инженер, техникийн ажилтнууд гээд нийт 300 гаруй хүн хүч хөдөлмөрөө шингээсэн. Шинэ Монголын нийгмийг соён гэгээрүүлэхэд, сонгодог урлагийг ард түмэнд таниулах их үйлсэд багшийн байгуулсан гавьяа их. Дуурийн урлагт нэгэн жарныг зориулсан түүний бүх уран бүтээлийг энэ тайзан дээрээс үзэгчдэд толилуулах нь цаг хугацааны хувьд боломжгүй. Найруулсан уран бүтээлээс нь сорчлон хэсэгхэнийг хүргэхэд л дөрвөн цаг болж байна. Дуурийн театр үүссэн цагаас хойш гурван ерөнхий найруулагчийн нүүр үзсэн. Хамгийн анхны найруулагч нь Д.Лхасүрэн. Дараагийнх нь Л.Эрдэнэбулган багш маань. Би багшийнхаа үргэлжлэл болж 1994 оноос өнөөдрийг хүртэл ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдээс сонгоод энэхүү тайзан дээр “амилуулах” нь найруулагчийн ур чадвар, мэдрэмжийн шалгуур байдаг. Энэ бүхнийг багш маань цогцлоож чадсан хүн.
Ч.БУЯНХИШИГ (Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач):
-Найруулагч бүр өөрсдийн гэсэн онцлог, давуу талтай байдаг. Л.Эрдэнэбулганы хувьд тайзны чимэглэл, хувцас хэрэглэл, дуучныг дүрдээ орж дуулахад нь голчлон анхаардаг. Дуурийн гол дүр бүтээх дуучныг зөв сонгодог. Тайзан дээр хийж буй илүү үйлдлийг гярхай ажиглана. Их ч нямбай. Өөрөө 20 гаруй дуу дуулж радиогийн урын санд бичүүлсэн. Хэдийгээр нас сүүдэр 80 хүрсэн ч одоо хүртэл уран бүтээлээ туурвисаар л байна. Авьяас хөгширдөггүй, нас бол тоо гэдгийн баталгаа нь яахын аргагүй энэ хүн. Нийтэч зантай, бусдад зөвлөн туслах дуртай, дутагдлын хажуугаар чимээгүй өнгөрч чаддаггүй тийм л хөдөлмөрч нэгэн. Залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг. Л.Эрдэнэбулгандаа эрүүл энхийг хүсье. Олон уран бүтээл туурвиж, түмэн олноо баярлуулаарай гэж ерөөе.
Б.ЦЭЦЭГ (ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин):
-Өнөөдөр үнэхээр сайхан тоглолт боллоо. Залуу уран бүтээлчид бидний тоглосон уран бүтээлийг төгс гүйцэтгэж чадаж байна. Сонсоод уйлах дөхлөө. Би 1976 онд сургуулиа төгсөж, театртаа ажилд орсон юм. Тухайн үед Л.Эрдэнэбулган найруулагч бидэнд зөвлөж, маш их тусалж байсан. Түүний найруулсан “Учиртай гурван толгой”, “Ламбугайн нулимс”, “Үүлэн заяа” зэрэг уран бүтээлд оролцож, дуулдаг байв. Найруулагч маань өргөн мэдлэгтэй, хөгжмийн өндөр боловсролтой. Гадаадад болон орон нутагт тоглолтоор хамт явдаг, алслагдсан аймаг, сум, бригадад очиж ард иргэдтэйгээ уулзаж, уран бүтээлээ хүргэж явахдаа үзэгчдийн талархлыг хүртэж явлаа.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг