“Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” арга хэмжээ өчигдөр улс даяар эхэллээ. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь монгол хөгжмийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдээ дэмжих зэрэг зорилготой юм байна. Эл баяр ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хаалтын арга хэмжээ нь Төв аймгийн “Монгол туургатан” театрт болох аж. Энэ хугацаанд орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, сум, дүүргийн соёлын төв, ордныхон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолт, хөгжмийн өдөрлөг зэрэг арга хэмжээг өөрийн байранд болон явуулын хэлбэрээр зохион байгуулах ёстой. Хөгжмийн баярын хүрээнд зохион байгуулах онцлог зарим арга хэмжээг танилцуулъя.
“МОРИН ХУУР” НААДМЫН I ШАТЫГ ЭНЭ САРЫН 10-НД ТОВЛОВ
Оны шилдэг дуу шалгаруулах, 33 дахь удаагийн “Морин хуур” наадам энэ сарын 10-нд эхэлнэ. Энэ удаагийн наадмыг “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020”-ийн нэг хэсэг болгон зохион байгуулж буйг Соёл, урлагийн газраас мэдээлсэн. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд болох аж. Хоёрдугаар шатыг нь 16, 17-нд Улсын филармонийн концертын танхимд хийхээр товложээ. Гала тоглолт нь Төв аймгийн “Монгол туургатан” театрт ирэх сарын 14-нд товлосон “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020”-ийн хаалтын үеэр болох гэнэ. Энэ жил мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд тус бүр эхний гурван байрын эзнийг шалгаруулахаар болжээ.
38 ДАХЬ УДААГИЙН “АЛТАН НАМАР”
“Алтан намар” хөгжмийн наадмыг энэ жил 38 дахь удаагаа зохион байгуулна. Энэ удаагийн наадам гоцлол, цөөхүүл, хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэсэн гурван төрөлтэй. Монголын хөгжмийн урын санг дан хөгжмийн шилдэг бүтээлээр баяжуулах зорилготой эл уралдааны гоцлол, цөөхүүл бүтээлийн тоглолт Консерваторын концертын танхимд энэ сарын 30, 31-нд болно. Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн тоглолтыг ирэх сарын 6, 7-нд Улсын филармонийн концертын танхимд зохион байгуулахаар товложээ. Наадмын шилдгүүдэд ирэх сарын 14-нд Төв аймгийн “Монгол туургатан” театрт шагналыг нь гардуулна.
ЦАХИМ ОРЧИНД ХӨГ НЭМЭЭРЭЙ
“Бүх нийтийн хөгжмийн баяр-2020”-ийн нэгэн онцлог арга хэмжээ нь “Цахим орчинд хөг нэмье” онлайн наадам. Уг цахим наадам өчигдөр эхэлсэн бөгөөд ирэх сарын 5 хүртэл нэг сар үргэлжлэх юм байна. Энэ нь хөгжмийн “давлагаа” (challenge) хэлбэртэй арга хэмжээ. Тухайлбал, оролцогчид гоцлол, цөөхүүл зэрэг ямар ч хэлбэрийн бүтээлээр хөгжмийн “давлагаа”-нд нэгдэж, дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулах ёстой. Оролцогчдод насны хязгаар, мэргэжлийн шалгуур тавиагүй. Харин уралдаанд “сойсон” бүтээл нь олон нийтэд эерэг хандлага түгээсэн байх ёстой гэнэ. Энэхүү наадмын шилдгүүд “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020”-ийн хаалтын тоглолтод оролцох юм байна.
ХӨГЖМИЙН ШҮҮМЖ, СУДЛАЛЫГ ДЭМЖИХ НЬ
Хөгжмийн бүтээлийн мэргэжлийн хэм хэмжээг тодорхойлоход судлаачдын оролцоог бий болгох зорилгоор ирэх сарын 10-нд хэлэлцүүлэг зохион байгуулах нь “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020”-ийн хүрээний бас нэгэн арга хэмжээ аж. Энэ үеэр шилдэг судлаачдыг тодруулж, урамшуулах гэнэ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн дуу, хөгжмийн багш нарын дунд “Миний дуртай хөгжмийн хичээл” сэдэвт уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хүүхдэд хөгжмийн боловсрол олгож буй багш нарын ур чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор уг уралдааныг санаачилжээ. Энэхүү уралдааны шилдгүүдийг ирэх сарын 15-нд тодруулах юм байна.
Бэлтгэсэн: М.Оч