Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимынхан дэлхийн архитекторуудын өдрийг тохиолдуулан “Монголын архитектур өнөө цагт-2020” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. “Хотын илүү сайхан ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд нийгмийн бүтээн байгуулалтад уриалан дуудах зорилготой эл үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд архитектурын орчин үеийн шинэ санаа бүхий шилдэг бүтээл, барилга байгууламжийн төлөвлөлт, дизайныг дэлгэн харуулснаараа онцлог. Мөн лекц, чөлөөт ярилцлага, уулзалт арга хэмжээ болох тул барилгын салбарынхан оролцож, санал бодлоо солилцох боломжтой. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимынхан “Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум олон улсын аялал жуулчлалын цогцолбор” төслийг олон нийтэд танилцууллаа. Төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай аймгийн нутагт томоохон хэмжээний цогцолбор байгуулах юм байна. Тус танхимын ерөнхийлөгч Д.Мичидсүрэн “Дэлхий даяар тархсан монголчуудаас хандив цуглуулж, төслийн санхүүжилтийг босгохоор төлөвлөж буй” гэлээ.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр