Хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдан Соёлын сайд нэгэн чухал шийдвэр гаргасан нь 18 хүртэлх насны хүүхдүүдэд музей үнэ төлбөргүй үзүүлэх байв. Эл шийдвэр гарснаас хойш эцэг, эхчүүд амралтын өдрүүдэд хүүхдэдээ цаг гаргах нь олширчээ. Богд хааны ордон, Г.Занабазарын, Монгол цэргийн, Олон улсын оюун ухааны, Чойжин ламын сүм, Театрын музейнхэн хүүхэд багачуудад зориулсан тусгай хөтөлбөр, цагийн хуваарь гаргаж, урьдынхаасаа хөл хөдөлгөөнтэй байх болжээ. Сурагчид түүх, соёл, шашин, угсаатны өв дурсгал, шинжлэх ухааны олдворуудтай дотно танилцах боломж бүрдсэн энэ үед нэгэн “нууцлаг” музейг танилцуулъя. Энэ бол ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн цуглуулгын сан.
Баянзүрх дүүргийн XVI хороо, Офицеруудын ордны автобусны буудлын чанх урд орших Биологийн хүрээлэнд байрлалтай эл музей 115 зүйлийн хөхтөн амьтны 4117 цуглуулгатайгаас 3249 нь гавлын яс, 868 нь арьс хэлбэрээр хадгалагддаг. Мөн зэрлэг амьтны 1797 чихмэл байдаг аж. Тодруулбал, бусад музей, судалгааны байгууллагын сан хөмрөгт байхгүй улаан чоно, мазаалай баавгайн гавлын, нэн ховорт тооцогдох мэрэгчдийн араг яс бий. Түүнчлэн Монголын “Улаан ном”-д орсон тул, омоль, үхэрдэй, зантаахай, могор, хар мөрний болон голын хавч, сувдан хясаа зэрэг загас, зөөлөн биет амьтны цуглуулга бүхий хатаамал бий аж. Гадаадын орнуудад гаршуулан тэжээдэг буган цох, эм, эмчилгээний зориулалтаар ашигладаг хээрийн жоом, дэлхийн хамгийн том хайрсан далавчтан тогос одот хэмээх эрвээхэй тус музейн хананд “нутагшжээ”. Эл музейд ажлын өдрүүдэд хэдийд ч зочлох боломжтой гэнэ. Судлаачид “Хүүхдүүд энд ирснээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдол, үнэ цэнтэй олон үзмэртэй танилцах боломжтой” гэв.