Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт “Цэцэг өвчин” гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 24-ны өдрийн А/26 дугаар захирамжаар голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.
5 дугаар хороо буюу Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн 2 хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага 01 сарын 23-ны өдөр ирж “Бөх-Мо” мал эмнэлэгийн малын их эмч Н.Алтантуяа, Р.Өлзийбаяр, А.Мөнгөнцэцэг нар очиж 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан байна.
Энэ мэдээллийн мөрөөр нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр 02 сарын 24-ны өдөр ирж 5 дугаар хороонд ажилласан бөгөөд сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабраторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ.
Одоогоор дамжин өнгөрч байгаа машин техникийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр нэвтрүүлж байгаа бөгөөд тухайн хорооны иргэд болон голомтын бүсэд байрлах цэргийн ангиудын албан хаагчдын орж гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон байдалтай байна.
Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
2017 оны 1 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрийн байдлаар нийт 1762 хонинд үзлэг тандалт хийсэн бөгөөд 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс 3 эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1, Цагдаагийн хэлтсээс 2 албан хаагч, Бөх-Мо” мал эмнэлгээс 4 эмч, нийт 33 хүн, 9 автомашин техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
Хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан газарт Зэвсэгт хүчний ангиуд байрлаж байгаа бөгөөд тус хэсэгт гурван постыг байрлуулан хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллаж байна.
Одоогоор голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг үе шаттай хийх юм.
Тус бүс нь зорчигчдийн хөдөлгөөн ихтэй газар учраас орж, гарч байгаа хүн машинд ариутгал, халдваргүйжилтийг хийж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.