Зүүн гараас Вилли Брандт, Гюнтер Гийом
1974 оны дөрөвдүгээр сарын 24-нд ХБНГУ-ын Канцлер (Ерөнхий сайд) Вилли Брандтын туслах Гюнтер Гийомыг цагдаа нар баривчлав. Зүүн Германы Аюулаас хамгаалах байгууллага (Штази) үзэл суртлын дайсныхаа үүрэнд өөрийн тагнуулчийг нэвтрүүлсэн нь улс төрийн ер бусын хямрал үүсгэх шалтгаан болсон байна.
...Өглөөний 06.30 цагт Гюнтер Гийомын хаалганы хонх дуугарахад гэрийн эзэн нээж өгөхөөр үүд рүү зүглэхдээ сүү худалдагч юм уу, шуудан зөөгчийн аль нэг нь ийн эрт ирсэнд гайхаж байлаа. Хаалгаа нээтэл эрэгтэй, эмэгтэй хэд хэдэн хүн зогсож байх нь тэр. “Та ноён Гюнтер Гийом мөн үү?”, “Мөн байна”, “Таныг баривчлах тушаал бид авсан” гэж тэдний нэг нь хэлээд гарт нь гав зүүж орхив.
Гийом баривчлагдсанаа олон жилийн хойно дурссан нь энэ. Цагдаа нар гэргий Кристелийг нь ч бас баривчилжээ. Хоёуланг нь БНАГУ-ын талд тагнуул хийсэн гэж үзжээ. Гийомын гэр бүлийг баривчилсан нь түүхэндээ Баруун Германы тусгай албадын байгуулсан хамгийн том амжилт болсны зэрэгцээ улс төрийн хямралын айхавтар эхлэлийг тавьж, эцэст нь ХБНГУ-ын канцлер Вилли Брандт огцроход хүрсэн байна.
Өнгөрсөн зууны 50-иад онд Зүүн Германы Аюулаас хамгаалах яам мэргэжлийн фото зурагчин Гюнтер Гийомыг Баруун Германы дээд зиндааныхан дунд оруулах ажиллагаа эхэлжээ. Түүний гэргий Кристель (тэд 1951 онд айл гэр болжээ) ч тагнуулч байв. Тэдэнд өгсөн даалгавар тун амаргүй, энэ хос “ангийн дайсныхан” дотроо өөрийн нь хүн болж, Социал-демократ намын үйл ажиллагааны тухай мэдээлэл тогтмол өгч байх ёстой байлаа. Тэднийг 1956 онд дүрвэгч болгож Баруунд очуулсан байна. Майн дахь Франкфурт хотод суурьшиж, Гюнтер нь Соцдек намд элсэж, гэргий нь нэг хэлтсийнх нь нарийн бичгийн дарга болжээ. Энэ үедээ л намын үйл ажиллагааны талаар материал цуглуулж, Зүүн Герман руу дамжуулдаг болсон байна. Нэг айлын хоёр Баруун Германы нийгэмд түргэн “уусаж”, хэн ч тэднийг юунд ч сэжиглэдэггүй байв. 1975 онд эднийх хүүтэй болов. Гюнтер Гийом албан ажлын шатаар түргэн өгсөж байлаа. 1970 онд тус улсад социалистууд засгийн эрхэнд гарч, Соцдек намын дарга Вилли Брандт Засгийн газрын тэргүүн болов. Тухайн үед Тээврийн сайд байсан Георг Леберийн сонгуулийн кампанийг Гийом удирдах болжээ. Тэгтэл Георг Лебер түүнийг ХБНГУ-ын шинэ Канцлерын аппаратад ажиллахыг санал болгож, Гийом бас л шатаар өгслөө. Гийомын зохион байгуулах авьяас чадварыг нь Канцлер даруй анзаарч, өөрийн туслагч болгосноор түүнийг хамгийн ойрын хүрээлэлдээ оруулж ирсэн байна. Ингээд Гийом Канцлерын ажилд гүнзгий оролцож, бүх нууц баримт бичгийг ч үзэх эрхтэй хүн болж орхив. Түүгээр ч барахгүй Канцлерын хувийн амьдралын нарийн ширийн зүйлийг ч мэдэх боломжтой, итгэмжит хүн нь болжээ.
Баруун Германы сөрөхтагнуулчид 1973 оноос Гийомыг сэжиглэх болсон аж. Энэ тун санамсаргүй явдлаас буюу Гюнтерийнхийг хүүтэй болсонд нь Зүүн Германаас баяр хүргэсэн илгээлтийг нууц бичиг тайлагчид уншчихжээ. Богино хугацаанд өндөр албанд очсон Гийомыг сэжиглэх болсон Баруун Германы Тагнуулын албаны дарга Ноллау энэ бодлоо Дотоод хэргийн сайд Ганс-Дитрих Геншертэй хуваалцав. Геншер ч алгуурлалгүй Канцлерт бүх зүйлийг ярьсан ч Брандт түүний хэлснийг ер хайхарсангүй. 1973 онд Брандт туслахтайгаа хамт Норвегт амрав.
Гийомын эсрэг сэжгээ нотлох нэмэлт баримт, мэдээлэл цуглуулахад Баруун Германы тагнуулчид бүтэн нэг жил зарцуулав. Гийомыг эцэст нь баривчлахад тэрбээр “Би БНАГУ-ын иргэн, офицер хүн. Үүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандаарай” хэмээн омог бардам хэлсэн аж. Шүүхийн ажиллагааны үед энэ үг нь түүний буруутайг нотлох гол баримтын нэг болжээ. Туслах нь баривчлагдсаныг Брандт Африкаас буцаж ирээд Кёльн хотын нисэх онгоцны буудалд байхдаа дуулсан байна. Үүнд Канцлер маш их цочирдож үймэрсэн ч түүний улс төрийн үр дагаврыг нь эхлээд сайн ухсангүй. Хожим нь Брандт дурсамж номдоо “Гийомыг илчилсэн нь миний улс төрийн үйл ажиллагааг төгсгөл болгохыг би тэр үед ойлгоогүй” гэж бичсэн байдаг. Баруун Германы улс төрийн дээд давхаргынхан Канцлерыг тэр даруй дарамталж эхэлжээ. Гийомыг баривчилснаас хоёр долоо хоногийн дараа Брандт улс төрийн хариуцлага хүлээж, огцорч буйгаа мэдэгдэв. Харамсалтай нь, баруун, зүүн германчуудын хоорондын зөрчлийг энх амгалангаар шийдэхийг чухамхүү Брандт хичээж, аливаа илт зөрчилдөөнөөс зайлсхийж, Зүүний эвсэлтэй ойртож нөхөрлөхийг оролдож байсан болохоор энэ алхам Зүүн Германд маш хохиролтой байлаа. 1975 оны арванхоёрдугаар сард шүүхийн шийдвэр гарч Гюнтер болон Кристель Гийом нар 8-13 жил хоригдох ял авлаа. Гэвч тэд энэ ялыг бүрэн эдэлсэнгүй, Баруун Германы баривчлагдсан тагнуулчдаар 1981 онд солилцож, баатрын ёсоор эх орондоо эргэж иржээ. Гюнтер Гийом Карл Марксын одонгоор шагнуулж, хурандаа цол авч, Аюулаас хамгаалахын дээд сургуульд хүндэт доктор болов. Түүгээр ч барахгүй өөрөөсөө олон дүү эмэгтэйтэй “учир ургуулж”, Кристелээсээ салжээ. Берлиний хана нурсны дараа Гийомын гавьяаг мартав. Дурсамж ном нь ч өргөн олон уншигчийн хүртээл болсонгүй, Зүүн Германы “номер нэг тагнуулч” 1995 онд хорвоог орхив.
Түүний бүтэн нэр Гюнтер Карл Хайнц Гийом аж. Амьдрал нь тагнуулын ажлын ур чадварын гайхамшгийг төдийгүй ганц хүн бүхэл бүтэн улсад нөлөөлж чаддагийг харуулсан гэж хэлж болно. Гийомын хувь заяа хоёр Германы улс төрийн амьдралтай холбоотой байлаа. Түүнийг илчилсэн нь ХБНГУ-ын түүхэн дэх улс төрийн томоохон хямралын нэг шалтгаан болж, Холбооны канцлер Вилли Брандтыг огцруулахад хүргэв.
Гюнтер Гийом 1927 онд Берлин хотод хөгжимчний гэр бүлд төржээ. Суралцах сонирхол гойд бус байснаас наймдугаар ангиа төгсөөд сургуулиас гарав. Дэлхийн II дайн эхэлж, бусад залуусын л адилаар аяндаа түүнд татагдан оролцлоо. 1944 онд Үндэсний социалист намд элсэв. Дайн дуусах дөхөж байхад англичуудад баригдсан ч дуусахадньГермандаа буцаж ирээд фото зурагчнаар ажиллав.
1950 онд Зүүн Берлинд “Фольк унд Вельт” хэвлэлийн газар редактороор ажиллах боллоо. Энэ үеэс л түүнийг Аюулаас хамгаалах яам сонирхох болсон байна. Олны дотор биеэ авч явах байдал нь хүмүүсийн анхаарлыг татаж, 1954 онд “Хансен” гэх нууц нэрээр Аюулаас хамгаалах байгууллагад орон тооны бус ажилтан нь болов. Ийнхүү тагнуулын ертөнц түүнд үүдээ нээж, “Хайнц” гэх нууц нэрээр мөн аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан гэргий Кристель түүнийг ажил, албаны шугамаар өөдөө өгсөхөд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Кристелийн ээж нь Нидерландын иргэншилтэй байсны ачаар энэ айл Баруун руу гарч Майн дахьФранкфурт хотод суурьшив. Зүүн Германы аюулаас хамгаалах байгууллага тэднийг шинэ амьдралаа эхлэхэд нь мөнгөөр тусалж, эднийх тамхины дэлгүүртэй болсон байна.
Баруун Германд амьдрах болсноор энэ гэр бүлийнхэн тус улсын улс төрийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой болов. Гюнтер намын гишүүн болсон нь өндөр албанд дэвших замд дөхөм болжээ. 1970 онд Холбооны Канцлерын Тамгын газарт референт болсон нь Гийомын ажил, амьдралд эргэлт авчрав.
Тагнуулчийн хувьд Гийом амжилт олсон ч эмнэлгийн сувилагч Эльке Брёль гэдэг бүсгүйтэй орооцолдсоноор гэргий Кристель нь салах өргөдлөө өгснөөр хувийн амьдрал нь өөрчлөгдөв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Гийом багшлах ажил хийж, “Мэдүүлэг” нэрээр ном болгосон дурсамж нь 1986 онд хэвлэгджээ.
Эцэг, эхээ баривчлагдсаны дараа хүү Пьер нь Зүүн Германд шилжин ирж, фото сэтгүүлчийн мэргэжилтэй болжээ. 1988 онд тэрбээр гэр бүлийн хамт ХБНГУ-д амьдрах болсон байна. Пьер эцгийнхээ овгоос салахын тулд эхийнхээ нөхөргүй байх үеийн “Боом” гэх нэрийг авчээ. Пьер өөрийн амьдрал хийгээд эцэг, эхтэйгээ таарамжгүй харилцаатай байсан тухайгаа өгүүлсэн дурсамж номоо 2004 онд хэвлүүлжээ.
Гюнтер Гийом тагнуулын түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн. Түүний үйл ажиллагаа өөр олон орны улс төрийн дээдсийн хүрээлэлд нэвтэрсэн тагнуулч ямар үр бүтээлд хүрч болдгийг харуулсан Зүүн Германы аюулаас хамгаалах байгууллагын хамгийн амжилттай ажиллагааны нэг байв. Гэхдээ итгэлцлийг зарим үед нээлттэй нийгмийн зарчмын эсрэг хэрэглэж болдог ардчилсан тогтолцооны эмзэг байдлыг энэ түүх харуулсан гэж үздэг байна. Гийом илэрсэн нь Вилли Брандтыг огцроход дам нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Тиймээс улс төрийн энэ ер бусын зүтгэлтнийг дурсалгүй орхих ёсгүй. ЗХУ-ын Гадаад харилцааны яамыг олон жил тэргүүлсэн А.А.Громыко дурсамж номынхоо нэг бүлгийг түүнд зориулсан байдаг юм. Тэнд “Брандтыг Москвад сайн мэддэг байв. Тэр бол ХБНГУ-ын гарамгай зүтгэлтнүүдийн нэг. Дайны үед Шведэд цагаачилж байсан юм билээ. Тэрбээр хас тэмдгийн өмнө толгой гудайхаас эх орноо орхихыг илүүд үзсэн хэрэг. Энэ нь түүнд нэр хүнд авчирсан юм. Брандт Боннд төрийн эрх мэдлийн оройд гарахын өмнө Баруун Берлиний захирагчаар ажиллаж, Зүүн Германы төдийгүй Зөвлөлтийн ЭСЯ-ны хүмүүстэй холбогддог байснаас ЗХУ, ХБНГУ-ын хоорондын харилцааг бий болгох үндсийг олж мэдсэн байна. Энх тайвнаар зэрэгцэн орших гэгчийг энэ харилцааны суурь үндэс гэж үзэж, энэ салбарт бодлого хэрэгжүүлж эхэлж байжээ...” гэж өгүүлсэн байна.
...Гийомыг Өрнөд рүү илгээхдээ юуны урьд олон улсын байдлыг хурцатгахад нөлөөлж болзошгүй хүчин зүйлийн талаарх мэдээллийг цагийг нь олж дуулгахыг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ Засгийн газар доторх олон улсын түгшүүртэй байдлыг намжаах сонирхолтой хүчний тухай мэдээлэл гойд чухал байв. Гюнтер Гийомыг Канцлерын Тамгын газрын даргад 1969 оны аравдугаар сарын 21-нд танилцуулснаас хойш түүнийг элдвээр шалгаж, байцаасан ч тэр бүхнийг мань хүн гялалзтал давж гарав. Түүний өнгөрсөн ажил, амьдралаас нь ч аливаа сэжиг төрүүлэм юу ч олсонгүй. Тун удалгүй Гийом үнэт мэдээлэл дамжуулж эхэлсэн байна. Тухайлбал, Холбооны засгийн газар чухам юу төлөвлөж буй талаарх бүрэн мэдээллийг Вилли Брандт, Зүүн Германы Ерөнхий сайд Вилли Штофф нар хэлэлцээр хийхийн өмнө Зөвлөлт, БНАГУ-ын тусгай албад авчихсан байв.
1972 оны сонгуульд хоёр намын эвсэл давуу ялалт байгуулахад Вилли Брандт, Гюнтер Гийом хоёул хишгийг нь хүртэж, Гийом 1973 оны эхнээс Канцлерын намын асуудал хариуцсан туслах нь болов. Улс төрийн аливаа үзэл хандлагад дүгнэлт хийх авьяас чадвар, хурц ухаан нь чухам энэ үеэс Гийомыг аль аль талд улам ч үнэ цэнтэй болгож байлаа. Брандтын “Дорнод руу чиглэсэн шинэ бодлого” ХБНГУ-ын гадаад бодлогыг дорвитой өөрчлөх чигтэй болохыг чухам Гийомын зүтгэлийн дүнд БНАГУ, ЗХУ-ын Засгийн газрууд мэдэж авсан байна. Энэ бодлогыг нь дэмжсэн үйл ажиллагаагаараа Гийом ХБНГУ-ын Канцлерын явуулж байсан бодлогод хувиасаа нөлөө үзүүлж чадаж байв.
Гай газар дороос гэгч болж 1972 оны намар БНАГУ-ын тагнуулч Вильгельм Гронау баривчлагдаж, нэлээд хүний нэр бүхий, түүний дотор Гийомыгбагтаасанцаас олдсон байна. Түүнээс гадна Гийом, Гронау нар албан ажлын холбоотойг Баруун Германы сөрөх тагнуулынхан мэддэг ч тэр нь гэм хоргүй, тэдний хэн нь ч биенийхээ тагнуулын ажлын талаар мэддэггүй мэтбайв.
Норвегт амрах завсар Рут Брандт, Кристель Гийом хоёр ихэд ойртоннөхөрлөж, хүүхдүүдтэйгээ зугаалдаг байлаа. Энэ үед Хельсинкид болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөгөөнд бэлтгэх ажил ид оволзож, НАТО-д АНУ голлох үүрэгтэй байхыг гишүүн орнууд нь хүлээн зөвшөөрөх Атлантын Хартид Европын холбоотнуудаараа гарын үсэг зуруулахыг Никсон хичээж байв. Хэлэлцээр болон НАТО-гийн холбоотнуудын хоорондын зөрчлийг Гийом сайн мэдэж байлаа. Чухал баримт бичгүүдийг Гийом хуулбарланавч гэргийгээрээ дамжуулжээ.
Гэвч эдгээр мэдээлэл хүрэх газраа хүрсэнгүй. Нэгэн зоогийн газар холбоочин Анитатай Кристель уулзаж байхад нь нууцаар зургийг нь авч буйг тэд анзаарчээ. Анита баримтыг аваад Рейн мөрөн дээгүүрх гүүрээр явж байгаад хүмүүст баригдахын даваан дээр дугтуйтай бичгээ гол руу хаяж орхив. Рейн мөрөн эдгээр баримтын нууцыг үүрд хадгалсан гэдэг.
Кристель, Анита нарт тохиолдсон явдал Зүүн Германы тагнуулын байгууллагад түгшүүр зарлалгүй яах вэ. Идэвхтэй ажиллагаагаа зогсоож, аюул нүүрлэвэл буцаж ирэхэд бэлтгэхийг Гийомд тушаав. Гэвч бүх юм тайван амгалан байсан тул 1974 оны хоёрдугаар сард хэлхээ холбоогоо сэргээж хэвийн ажиллах болжээ. Дөрөвдүгээр сард Гийом Францын өмнөд нутагт амарч байхдаа өөрийг нь мөрдөөд байгааг анзаарав. Тэрбээр нуугдаж чадах байсан ч ийм оролдлого хийсэнгүй.
...Гийом гадаадын тагнуулч болохыг нь мэдсээр байж түүнийг удаан хугацаанд Брандтын дэргэд байлгаж, төрийн бүх нууцыг мэдэх боломжийг сөрөг тагнуулын байгууллага яагаад олгов гэдэг хамгийн гол асуулт хариултгүй үлдсэн байна.
Гийомын хэрэгтэй холбогдуулан Брежнев, Хонеккер нар харамслаа илэрхийлж, Зүүн Германы тагнуулын дарга байсан Маркус Вольф 1992 онд Вилли Брандтаас уучлалт хүссэн гэдэг.
Р.Жаргалант