Оршин суудаг орон сууцных нь цэвэр усны хоолойноос хоёр жилийн турш зэвтэй ус гарч буйгаас эрүүл мэнд, санхүүгээрээ хохирч байна хэмээн Хан-Уул дүүргийн иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч “Сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох байгууллагын удирдлагууд энэ асуудлыг шийдэж чадаагүй. Өмнө нь дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан ажиллаж байсан. Тэрбээр одоо УИХ гишүүн болсон тул асуудал шийдвэрлэж чадна гэж найдаж байна. Мөн манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу нарт Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны зөвлөлийнхөн оршин суугчдын гарын үсэг, өргөдөл гомдлыг хүргэнэ. Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндэнэ албан бичгийг хүргэж байна. “Хангарьд сити-2” хотхон, Арцатын аманд байрлах найман блок байранд 928 айл өрхийн 3000 гаруй иргэн амьдардаг. 2022 оноос эхлэн одоог хүртэл цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байна. Тухайн үед хариуцсан газрууд болон нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт удаа дараа хүсэлт тавьж, гомдол хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Үүнээс болж ходоод өвдөж, биен дээр тууралт гарсан. Гаднаас ус худалдан авч хэрэглэж байгаагаас үүдэн эдийн засагт хүндрэл учирч байна. Бид зэвтэй ус хэрэглэж байгаа хэрнээ цэвэр усны мөнгө тогтмол төлдөг. Холбогдох газраас нь асуутал зэвтэй ус хаанаас гарсан, ямар арга хэмжээ авч байгаа талаар албан ёсны хариу хэлээгүй. Мөн шугам сүлжээ сольж байгаа гэсэн. Харамсалтай нь, Хан-Уулын 23 дугаар хороо, Арцатын аманд хүрэхгүй, ус цэвэршихгүй гэсэн албан бус мэдээлэл сонссон. Эл нөхцөл байдал цаашид улам хүндрэх төлөвтэй. Манай хотхонд 308 дугаар цэцэрлэг байрладаг. Зэвтэй ус хэрэглэснээр хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, алсдаа хорт хавдар үүсгэж болзошгүй. Иймд оршин суугчдын эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэн, ажлын үр дүнг оршин суугчдад тайлагнахыг хүсье. Энэ онд багтааж яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
Бэлтгэсэн Б.Амарзаяа