Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хатиг, буглааны улмаас мэс засалд орох багачуудын тоо цөөрөхгүй байгаа аж. Тухайлбал, тус тасгийнхан өдөрт 30-40 хүүхдэд хатиг, буглаа авах хагалгаа хийж буй гэнэ. Үүний цөөнгүй нь шумуулд хазуулсны улмаас буглаж, идээт халдвар үүссэнээс болжээ. Энэ талаар тус эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тасгийнхнаас тодруулахад “Шумуулд хазуулсны улмаас буглаа үүсэж болно. Хүүхэд загатнасан хэсгийг маажсаны улмаас арьсны зөөлөн эд гэмтэж, идээлж бохирдон, халдвар орох эрсдэлтэй. Ийм тохиолдол их биш ч бүртгэгдсээр байна. Зуны цагт хатиг, буглаа нэмэгддэг. Бид өдөр бүр энэ төрлийн хагалгааг хэдэн арваар нь хийж байгаа. Хүүхдийнхээ ариун цэврийг сайн сахих, ил харагдах шарх бий, эсэхийг анзаараарай. Хэрэв арьс нь улайж, хавдаж, үрэвссэн бол мэс заслын эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай” гэв. Мөн чихэрлэг хүнс их хэрэглэх нь хатиг, буглаа үүсгэхэд нөлөөлдөг аж. Хүүхдийг ерөнхий унтуулгатай мэс засалд оруулдаг бөгөөд хатиг, буглаа хүндэрвэл идээ, нян цааш тархах аюултай.
Бэлтгэсэн Ч.Туяа