Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайнх эзэлж байна. Үүнээс 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж буй аж. Тиймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулж, дундаж наслалтыг нэмэх зорилгоор үндэсний баг бүрдүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг бүрдүүлсэн байна. Тэд мөн таван багийг ахалж ажиллах гэнэ. Тухайлбал, нярайн тархи хөргөөх, уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээ, зүрхний нээлттэй мэс засал, цогц эрт илрүүлгийг нутагшуулах, дутуу төрөлтөөс сэргийлэх гэсэн таван чиглэлд тус бүрийн үүрэгтэй ажиллах юм байна. Энэ цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой гэнэ. Мөн эх, нярайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн нутагшуулах нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, тархи хөргөөх эмчилгээний дэвшилт технологийг нэвтрүүлснээр нярайн эндэгдлийг 40 хувиар бууруулах аж.
Үндэсний багууд хүний нөөцөө чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны удирдамж батлуулах, шаардлагатай шинэ технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг нэн тэргүүнд хангах гэнэ. Мэргэжилтнүүдийг энэ сараас эхлэн суралцуулах төдийгүй зарим баг ирэх арваннэгдүгээр сараас тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн Ч.Болор