Монгол, Японы эмч нарын хамтарсан нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын талаарх хурал өчигдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д эхэллээ. Хурлын гол үйл ажиллагаа өнөөдөр өрнөх бөгөөд зочин илтгэгчээр “Нагоя” эмнэлгийн захирал, профессор Акимаса Накао оролцох юм байна. Хурлыг Японы “Aichi gakuin” их сургуулийн профессор Нагато Нацүме, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар даргалж, хэвлийн хөндийн мэс засалч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хавдар судлаач нар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Нойр булчирхайн хавдар нь манай улсад эхний таван байрт бичигддэггүй ч жилд ойролцоогоор 200 гаруй тохиолдол бүртгэгдэж буй аж. Өнгөрсөн онд Монгол Улсад 7244 хавдар шинээр оношлогдсон. Үүний 206 нь нойр булчирхайнх байж. Өвчилсөн хүмүүсийн 111 нь эрэгтэй аж. 2021 онд уг хавдрын 267, 2022 онд 224 тохиолдол бүртгэгдсэн байна. Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулдаг булчирхайлаг эрхтэн юм. Дэлхий нийтэд нойр булчирхайн хавдрын төгс эмчилгээ байдаггүй аж. Нас баралт өндөртэй хавдрын тоонд багтдаг. Хэдийгээр манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг ч тайрах, шилжүүлэн суулгах гэх мэт эмчилгээний олон аргыг нэвтрүүлсэн. Харин нойр булчирхайн хорт хавдрын үед онцлог, шинж тэмдэг илэрдэггүй тул өвчнөө хүндрүүлэх тохиолдол элбэг. Тиймээс урьдчилан сэргийлэх нь маш чухлыг эмч нар хэлж байна. Тухайлбал, буруу хооллохоос татгалзах хэрэгтэй. Үүний дотор мах, махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэхгүй байхыг сануулав. Таргалалт, архи, тамхины хэрэглээ, чихрийн шижин зэрэг нь нойр булчирхайг үрэвсүүлэх эрсдэлтэй.
Бэлтгэсэн Ч.Туяа