Улаан бурхан өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцож, улаан бурхан өвчний үед хэрэгжүүлэх болон цаашдын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Энэ үеэр урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг холбогдох албаныхан зөвлөлөө.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлж, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, улаан бурхан дэгдсэн тохиолдолд ажиллах эмч, хэрэгцээт багаж хэрэгсэл, бусад нөөцийг бүрдүүлэх, дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг УОК-оос Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон байна.
Мөн гадаадаас ирэх зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэхийг даалгажээ. Үүний хүрээнд хилээр нэвтэрсэн зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар гэх мэт шаардлагатай мэдээллийг цуглуулах гэнэ. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагад улаан бурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийхийг үүрэг болгов.
Монгол Улсад одоогоор халдварт улаан бурхнаар өвчилсөн хоёр, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд энэ оны долоодугаар сарын байдлаар 178 улс оронд уг өвчний 210 000 орчим тохиолдол батлагджээ. Тэр дундаа Азербайжан, Киргиз, Казахстан зэрэг улсад халдварын тархалт өндөр байгаа аж.
Бэлтгэсэн Ц.Анударь