Сүүлийн жилүүдэд Монголд ургийн гажигтай хүүхэд олширсон. Дахиад ч нэмэгдэх бололтой. Учир нь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д ургийн ДНХ тодорхойлох амниоцентез шинжилгээг огт хийхгүй байгаа аж. Тиймээс хоёрол тестийн хариу нь эргэлзээтэй гарсан ээжүүд ургаа үргэлжлүүлэн тээх, төрүүлэх эсэхээ шийдэж чадахгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу сандарч яваа байгаа сурагтай. Амниоцентез нь ургийн усны бүрхүүл хальсанд хатгалт хийж, ургийн шингэнээс дээж авч гажиг бий, эсэхийг 99 хувь тодорхойлдог маш чухал нарийн шинжилгээ юм. Харин ЭХЭМҮТ-д тодруулагч бодисгүйн улмаас уг шинжилгээг хийхгүй сүүлийн хоёр, гурван сар нам зогсож, олон арван ээжүүдэд хүлээлт үүсгэжээ.
Эх сурвалжаас энэ талаар лавлахад “ЭХЭМҮТ тодруулагч бодисгүй гээд амниоцентез шинжилгээ хийхгүй байгаа. Сар гаруй хүлээлээ. Бодис нь ирсэнгүй. Үүнээс ч удаан хүлээж буй ээжүүд бий. Зарим уйлж хямраад, ганц нэг нь жирэмслэлтээ зогсоох шийдвэр гаргасан гэж дуулдсан. Нэг талдаа эрүүл саруул ургаа хөндүүлчихвэл тухайн гэр бүлд хэцүү. Дахиад хүүхэд олдоо ч уу, үгүй ч үү. Нөгөө талдаа гажигтай хүүхэд төрүүлбэл ээж нь насаараа асарна. Гэр бүлээрээ сэтгэлийн зовлонд унана. Эдийн засгийн хямралд өртөнө. Жирэмсний 16 долоо хоногтойд уг шинжилгээг өгөхөд хамгийн тохиромжтой үе. Тиймээс улсын эмнэлэг хүлээлгүй, хувийн эмнэлэгт ургийн ДНХ тодорхойлох нарийвчилсан НИПТ шинжилгээ өгнө. Төлбөр нь 2-3 сая төгрөг байдаг гэсэн” гэж ярилаа. Угаас ЭХЭМҮТ-ийнхөн ээж нарыг эртхэн хувийн эмнэлэг рүү явахыг зөвлөөд удаж буй гэнэ.
Нэгэнт улсдаа хамгийн том, гуравдугаар шатлалын эмнэлэг нь амниоцентез шинжилгээ хийхгүй байгаа тул ээжүүд хувийн эмнэлэг бараадах нь бараадаж, боломжгүй хэсэг нь мөнгөний эрэлд гарч, зарим нь бодис ирсэн үү хэмээн сураг ажиг тавин хүлээсээр горьдсоор байна. Unuudur.mn сайт ЭМЯ-наас энэ талаар тодруулахад “ЭХЭМҮТ-ийнхөн бодисоо өөрсдөө захиалж, худалдаж авах ёстой. Бидэнд хамаагүй асуудал” гэв.
Харин ЭХЭМҮТ-ийн Хэвлэлийн албанаас “Бодисын нөөц шавхагдаж байгааг тооцоолж, гурван сарын өмнөөс бодис ханган нийлүүлэх тендер зарласан. Нэг ч компани материалаа ирүүлээгүй. Бүр гурван удаа тендер зарлаад ч оролцох компани олдоогүй” хэмээв. Одоогоор ургийн ДНХ тодорхойлох НИПТ нарийвчилсан шинжилгээг Монголд хувийн хэвшлийн “Гурван гал” болон “Мон Адонис” эмнэлэгт л 2-3 сая төгрөгийн ханштай хийдэг гэнэ. Харамсалтай нь, энэ шинжилгээг өгөхөд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчлэхгүй аж.
Д.Тэлмэн