Он гарснаас хойш уржигдрын байдлаар бага насны хүүхэд усанд осолдож эндсэн талаарх 20 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, дэслэгч С.Мягмарсүрэн “Усанд осолдсон 20 хүүхдийн зургаа нь хоёр хүртэлх насных байна. Ийм харамсалтай хэрэг олноор гарч буй нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулъя. Мөн гол, мөрний ай саваар нутагладаг айлын бага насны хүүхдүүд усанд эндсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн тул онцгой анхаарах шаардлагатай байна” гэв.
Харин ОБЕГ-ын өгсөн мэдээллээр он гарсаар усны ослын 88 тохиолдол бүртгэгдэж, 77 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байсан гэв. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид томоохон гол, мөрөн, нуурын эрэг, ойр орчимд өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 1035 алба хаагч голын эрэг дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулага өгчээ.
Ташрамд дуулгахад, сүүлийн 10 жилд усны ослоор амиа алдсан хүмүүсийн 67 хувь нь эрэгтэйчүүд гэнэ.
Бэлтгэсэн Ч.Болор