“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 103, зуны паралимпын наадам эхлэхэд 136 хоног үлдлээ. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна.
“Парис-2024” олимпын наадамд спортын 12 төрөлд 45 эрх авч 4-5 медаль хүртэх зорилго тавьж байгаа бол паралимпын наадамд спортын долоон төрөлд 12 эрх авч 2-3 медаль хүртэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдын бие бялдар, сэтгэл зүй, бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хангах зорилгоор Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх баг ажиллаж буй. Тус багт Спортын анагаах ухаан, Спортын бэлтгэл дасгалжуулалт, Спортын сэтгэл зүй, Спортын хоол зүйн багуудыг үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Мөн “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдын ёслолын хувцасыг “Мишээл Амазонка” урлаж, тус наадмуудад оролцох тамирчдын спорт хувцасыг “Мизүно” брэнд урлах юм. Ёслолын болон спортын багц хувцасны загварыг эцэслэн баталж, үйлдвэрлэн энэ оны зургадугаар сарын эхний 14 хоног багтаан урлана.
Түүнчлэн олимпын наадмын үеэр “Mongolia Hous” төслийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд “GO MONGOLIA” брендийг олон улсад танилцуулж, Монгол орны нүүдэлчин ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээж, зочлох хүндлэх ёсыг дэлхийн улс орнуудад сурталчлах, Монголын олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж, дэлхий нийтэд сурталчлах, олимпод оролцох баг тамирчдаа дэмжих зорилгыг агуулж байгаа юм.