“Парис 2024” Олимпын наадамд оролцох эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд Бразил улсын Рио де Жанейро хотод болно. Манай баг тамирчид уг тэмцээнд дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох аж. Гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа нар өрсөлдөх бол урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар цэц мэргэнээ сорино.
Одоогийн байдлаар манай мэргэн буучдаас О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулаад буй. Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон 1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин 2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн түүхтэй.