Олон улсын олимпын хороонд нэгэн “эвгүй” өрсөлдөгч гарч ирж магадгүй. Тэрхүү төсөл бол “Enhanced games” юм. Эл төслийн санааг тэрбумтан П.Тиль гаргасан бөгөөд спортыг илүү нээлттэй болгох үүднээс “сэргээштэй олимпын наадам” хийхээр төлөвлөж байгаа аж. Тус арга хэмжээний үеэр тамирчдыг сэргээш хэрэглэхийг нь зөвшөөрөх бөгөөд эхний ээлжид гимнастик, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ганцаарчилсан тулаан, хүнд атлетикийн тэмцээн явуулахаар санал болгож байна. Өөрөөр хэлбэл, багийн төрлийн нэг ч тэмцээн явагдахгүй. Өмнө дурдсанчлан, уг наадмын үеэр тамирчдаас сэргээшийн шинжилгээ огт авахгүй. Тодруулбал, ялахын төлөө юу ч ашиглаж болно. Гэхдээ ийм “зэрлэг санаа” зөвхөн тэрбумтны мөрөөдөл төдий үлдэнэ гэдэгт найдаж болох уу?
Мэдээжийн хэрэг спортын цэвэр, шударга өрсөлдөөний үүднээс авч үзвэл энэ бол утга учиргүй санаачилга мөн. Хориотой бэлдмэлийн ачаар өөрийн үзүүлэлт, амжилтаа хиймлээр өсгөснөөр уг наадамд оролцсон бүх тамирчин мэргэжлийн гэсэн тодорхойлолтоо алдана. Их спортод сэргээш угаас бий, түүнийг нь илрүүлж чадахгүй байна гэж ярьдаг. Гэхдээ л мэргэжлийн ямар ч тамирчин “Enhanced games”-т оролцохгүй гэдэг нь тодорхой юм. Тэгээд ч тэрбумтны эл этгээд санааг ОУОХ, Допингтой тэмцэх дэлхийн агентлаг “тоож” мэдээлэл хийсэнгүй.
Гэхдээ П.Тилийн бодлоор мөнгө олох хүсэлтэй тамирчдыг түүний санаачилсан эл наадам татах боломжтой ажээ. Түүнээс гадна энэхүү сонирхолтой төсөлд оролцсоноор мөнгөнөөс гадна алдар нэртэй болохыг хүссэн дундаж түвшний тамирчдыг урвуулж магадгүй.
Бэлтгэсэн Н.Энх