Гурав дахь жилдээ зохион байгуулж буй холбоодын нэгдсэн УАШТ “Степпе арена”, “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ сарын 31-нд өндөрлөх тус тэмцээнд хот болон орон нутгийн 2400 гаруй тамирчин спортын 20 төрөлд 384 багц медалийн төлөө ур чадвараа хэрхэн сорьж буйг тоймлон сонирхуулъя. Тэмцээний хөтөлбөрт эхнээс нь багтаасан жиү жицүгийн төрөлд 16 байгууллагын 188 тамирчин оролцож, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангилалд өрсөлдсөн юм. Тэднээс хамгийн ахмад нь 63 настай Г.Алтангэрэл байв. Тэрбээр 2018 оноос эл спортоор хичээллэж, өнгөрсөн жил УАШТ-ээс хүрэл медаль анх хүртсэнээр амжилтын замналаа эхлүүлжээ. Эх орондоо өнгөрсөн жилийн долоодугаар сард болсон ДАШТ-д аман хүзүүдсэн аж. Мөн жүдогоор ахмадын улсын аварга болж, чөлөөт бөхийн мастерсын УАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд зодоглосон бөхчүүдээс 69 кг-ын жинд Б.Цэрэндаваа, 77 кг-д Б.Батбаяр нар түрүүлж, ах, дүүс улсын аваргаар тодорсон нь ховорхон тохиох баярт үйл явдал байв.
“Степпе арена”-д өрнөсөн 19 дэх удаагийн бүжгийн УАШТ-д 13 клубийн 105 хос бүжигчин 10 төрөлд авьяасаа сорилоо. Орон нутгаас Хэнтий, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймгийнхан ч оролцохоор ирсэн. Оролцогчдын хамгийн залуу нь 10 настнууд болMR академийн тамирчин 67 настай Л.Дорж хамгийн ахмад нь байлаа. Хамгийн оргил мөч нь насанд хүрэгчдийн латин бүжгийн финалын өрсөлдөөн болсон. Шүүгчдийн дүн гарахад “Star dance” клубийн хос Б.Жаргалсайхан, Б.Ууганцэцэг нар ялагчаар тодорлоо. 2019 оноос хойш бүжиглэж буй тэд УАШТ-д алтан медалиас атгаад алддаг байсан бол энэ удаа түрүүлэх зорилгоо биелүүлэв. “Moon dance” клубийнхэн тус бүр таван алт, хүрэл, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүллээ. Өмнөговь, Өвөрхангайн тамирчид тус бүр нэг медальтай нутаг буцсан.
Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн УАШТ-д 15 байгууллагын 112 тамирчин хүч сорив. Энэ жилийн тэмцээнийг Гавьяат тамирчин М.Анхцэцэг өнжиж байна. Тэмцээнийг дэнсэлсэн 20 шүүгчийг “Парис-2024” олимпыг зорих эрх авсан олон улсын шүүгч Л.Одгэрэл ахалсан. Энэ удаагийн тэмцээн Узбекистаны Ташкентэд ирэх сарын 1-11-нд болох Азийн АШТ-ий өмнөх том сорил гэдгээрээ онцлогтой. Эмэгтэйчүүдийн 81 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн өсвөрийн аварга О.Төгс-Эрдэнэ жингээ ахиулж оролцохдоо огцом, түлхэлттэй төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дөрөвдэх удаагаа тэргүүллээ. Түүний жинд өрсөлдсөн орон нутгийн туйванчдаас Өвөрхангай аймгийн тамирчин, Азийн өсвөрийн аваргын мөнгөн медальт Л.Болортуяа нийлбэр дүнгээр 188 кг-ыг өргөн, мөнгөн медалийн эзэн болсноор ОУХМ цолны болзол хангав. Азийн залуучуудын аварга Г.Отгонтуяа хүрэл медаль хүртсэн юм. Хоёр дахь өдрийн гал гарсан өрсөлдөөн насанд хүрэгчдийн ангиллынхны тэмцээнээр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 81 кг-д С.Цэнгүм огцом өргөлтийн төрөлд 117, түлхэлттэйд 142 кг-ыг өргөж, улсын дээд амжилтыг шинэчилж, анх удаа түрүүллээ. Ийнхүү тэрбээр хойшид өндөр амжилт үзүүлэх ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулав. Эмэгтэйчүүдийн 71 кг-д Ази тивийн аварга Г.Анужин хоёр төрөлд нийлбэрээр 205 кг-ыг өргөж, түүртэлгүй түрүүлсэн. Тэрбээр аварга болохдоо өрсөлдөгчдөөсөө15 кг-ыг илүү өргөсөн билээ. Хамгийн сүүлд эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 59 кг-ын медальтнууд тодорсон. “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Даваагомбо 73 кг-д улсын хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Налайх дүүргээс А.Ананд авсан. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс тус бүр дөрвөн мөнгөн медальтай. Эмэгтэйчүүдийн 59 кг-д олон тамирчин өрсөлдсөн. Тус жинд 17 тамирчин хүч сорьсноос Азийн аваргын мөнгөн медальт Э.Энхтамир улсын аварга цолыг тавдахь удаагаа хүртлээ. Тэрбээр аман хүзүүдсэн тамирчнаас 24 кг-ыг илүү өргөж, аварга цолоо хамгаалсан юм.
Туялзуур сэлмийн залуучуудын ес дэх удаагийн УАШТ-ий ганцаарчилсан эмэгтэйчүүдийн төрөлд “Дуэль” клубийн Н.Ялгуун түрүүллээ. Тэрбээр финалын тоглолтод багийнхаа Б.Бүлтэнг буулган авч, 15:8-аар ялалт байгуулав. Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт тун сонирхолтой өрнөсөн. “UB fencing” клубийн Э.Тэмүүлэн финалд 1:6, 8:13-аар хожигдож явсан ч оноогоо нөхсөөр цаг дуусахаас долоон секундийн өмнө13:14 болгон ойртуулав. Сүүлийн шийдвэрлэх довтолгоо хийхэд хоёр тамирчин зэрэг оноо авснаар 14:15 болж, “Дуэль” клубийн Х.Ананд алтан медалийн болзол хангаж, шагналын тавцанд зогсох нь тэр. Тэгвэл тэдэнтэй тэмцээнээ нэгэн зэрэг эхлүүлсэн тэргэнцэртэй туялзуур сэлэмчдээс “Fleche fencing” клубийн I, II, III багийнхан эхний гурван байрт шалгарсан юм. Эрэгтэйчүүдийн төрөлд Б.Даваасүрэн, эмэгтэйчүүдээс Д.Цолмон нар 2022 оноос хойш гурав дараалан түрүүлж, дотооддоо дийлдэшгүй аварга болохоо ур чадвараараа харуулсан. УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид олимпын эрхийн оноо олгох Азийн АШТ-д улсаа төлөөлөн оролцохоор боллоо.
“Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон кэндогийн 19 дэх удаагийн УАШТ-д 41 тамирчин оролцлоо. Энэ удаагийн илдтэй тулааны хамгийн залуу тамирчин нь найман настай Б.Сэцэн байв. Хүүхдийн ангилалд 10 настай М.Сүлд-Од түрүүлж, Б.Сэцэн мөнгөн медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнхзаяа гурав дахь удаагаа тэргүүлж, шинэ аварга төрлөө. Аваргаар шалгарсан У.Амарбаатар өмнөх жилийн шилдгүүдийг кэндогийн өөр нэгэн техник болох жодан хэлбэрээр илдээ барин тулалдаж ялсан нь тэмцээний бас нэгэн өвөрмөц онцлог байлаа. БНСУ-аас хүрэлцэн ирсэн өндөр зэрэглэлтэй гурван шүүгч тэмцээнийг шүүж, Италийн Милан хотод ирэх долоодугаар сард болох ДАШТ-д оролцох багийг сонгон шалгаруулав. Монголын кэндочид ДАШТ-д 2015, 2018 онд оролцсон түүхтэй. Японоос гаралтай илдтэй тулааны урлаг болох кэндогийн спорт манайд 2015 оноос хойш эрчимтэй хөгжиж буй.