Олон улсын А зэрэглэлтэй монгол шүүгчид тив, дэлхийн хэмжээний төдийгүй олимпын наадмын тэмцээнийг дэнслэх болсон билээ. Тэднээс жүдогийн дэвжээнд олон улсын шүүгч Т.Энхцэцэг, Г.Нямцогт нар дэлхийн шилдгүүдийн “гал гарсан” барилдааныг цөөнгүй жил шүүсэн. Тэд Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Дьёр хотод зохион байгуулсан олон улсын шүүгч, дасгалжуулагчдын сургалт, семинарт хамрагджээ. Мөн Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр Италиay Буста Ацизо хотод ирэх сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-нд болох, “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь. Тэрбээр өнгөрсөн жил Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д шүүгчээр ажилласан юм. Сонирхогчдын боксын төрөлд олимпын эрх ивийн тэмцээн дууссан. Тиймээс эрх аваагүй тамирчид Буста Ацизод, мөн Тайландын Бангкок хотод тавдугаар сард болох тэмцээнд оролцож, жин тус бүрт медаль авсан нь Францад хөл тавина.
Түүнчлэн чөлөөт бөхийн олон улсын шүүгч Ю.Батсайхан Дэлхийн бөхийн холбооноос зарласан тэтгэлэг олгох шалгаруулалтад тэнцсэнээр 2024 онд зохион байгуулах Азийн АШТ-ийг дэнслэхээр болжээ. Үүнээс гадна Олон улсын хөл бөмбөгийн холбооны шүүгчдийн жагсаалтад Монголоос талбайн эмэгтэй шүүгчээр Г.Нарангэрэл, туслах шүүгчээр Б.Логьшир, Н.Оргил нар анх удаа багтаад байна.