Монголын боксын үндэсний шигшээ багийнхан Унгарын Дебрецен хотод болсон, Боцкай Иштваны нэрэмжит 68 дахь удаагийн олон улсын тэмцээнд оролцож, 12 орны 170 гаруй тамирчинтай өрсөлдөв. Алдартай боксчдын тулалддаг тус тэмцээнд эмэгтэйчүүдээс ОУХМ О.Есүгэн, М.Намуун нар аваргаар шалгарчээ. Эл тэмцээнд шилдэг тамирчин тодруулдаг уламжлалтай. Манайхаас энэ удаа М.Намуун шилдгээр тодорч, цом гарджээ. Тэднээс гадна Дебрецен хотын дэвжээнд Л.Алтанцэцэг, Г.Бадмаараг нар мөнгө, Т.Болортуул, Б.Мишээлт, Б.Баттулга Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн байна. Монголын боксчид гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэлээ Болгарын Софи хотод базааж байна. Тэд тэнд “Странджа-2024” олон улсын тэмцээнд оролцсоныхоо дараа ХБНГУ-ыг зорих юм. Манай боксчид энэ мэтчилэн Европын цуврал тэмцээнд өрсөлдсөний дараа Италид ирэх сард болох олимпын эрх олгох тоглолтод хүч үзнэ.