БНСУ-д болох “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадам маргааш хөшгөө нээж, ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. Тус наадамд өрсөлдөх Монголын тамирчдаас А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар энэ сарын 29-нд гүйлтийн цанын спринт төрөлд тэмцээнээ эхлүүлэх нь. Манай тамирчид өдгөө Олимпын хотхонд төвхнөсөн гэнэ. “Канвон-2024”-т улсаа төлөөлж оролцох гүйлтийн болон уулын цанын тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад бэлтгэлээ базааж буй.
Тамирчдын бэлтгэлийн хуваарийг тасалдуулахгүй байх зорилгоор туг гардуулах ёслолыг Канвон хотод хийхээр шийдвэрлэжээ. Монголын багийн тугч уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлонч Д.Нямсүрэн нар үндэснийхээ дээлээр гангарна. Багийн бусад гишүүн “Ханбогд кашмер” компанийн хамт олны урласан, үндэсний хэв маягийг шингээсэн ноолууран бүтээгдэхүүнээр ижилсэх нь. Залуучуудын өвлийн олимпод 80 улсын 1900 тамирчин өрсөлдөнө. Тамирчид уралдахаас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилгоор орчин үеийн спортын тоног төхөөрөмжтэй усан бассейн, бэлтгэлийн фитнес төвөөр үйлчлүүлэх боломжтой аж. Ази тивд анх удаа зохион байгуулж буй залуучуудын өвлийн олимпын тэмцээн, уралдааныг “Пёнчан-2018” наадамд ашигласан заал танхим, материаллаг баазыг түшиглэн явуулж буйгаараа онцлогтой юм. Канвон хот дахь Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг Олимпын хотхон болгон ашиглаж байгаа аж.
Тус олимпын гүйлтийн цанын тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн спринт зайн уралдаан энэ сарын 29-ний 10.30-11.45 (орон нутгийн цагаар), спринт зайн финал 12.30-14.10 цагт болно. Тэгвэл маргааш нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан зайн уралдаан 10.30-12.00, эрэгтэйчүүдийнх 13.00-14.30 цагийн хооронд үргэлжлэх аж. Ирэх сарын 1-ний 10.30-12.00 цагт холимог багийн (4x5 км) уралдаантай.