Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлагад Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөх юм. Тухайлбал, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгэ, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Дээрх тэмцээнд түрүүлсэн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрх олгох нь. Ташрамд дурдахад, пара байт харвааны тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав 2004 онд түрүүлж байв. Энэ нь Монголын тамирчдын тивийн тэмцээнээс хүртсэн анхны бөгөөд ганц алтан медаль юм.