Монголын чөлөөт бөхийн спортод Т.Тулга хэмээх нэр тодоос тод сонсогдож, гал гарсан барилдаанаараа бөхийн хорхойтнуудын сонирхлыг татсанаар тив, дэлхийн дэвжээнд шилдгүүдийн эгнээнд жагсаж, амжилтынхаа чансаагаар тэргүүлэх болов. Түүнийг спортоор замнахад аав, ээжийнх аль аль тал нь үндэсний бөхийн удамтай нь багагүй нөлөөлжээ. Ховд аймгийн Манхан сумаас 2002 онд аав, ээжийнхээ хамт Улаанбаатарт шилжин ирсэн нь түүнд чөлөөт бөхөөр хичээллэх боломж олгов. Үеийнхээ хөвгүүдтэй ноцолдох дуртай шавиа 104 дүгээр сургуулийн биеийн тамирын багш нь анзаарч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн чөлөөт бөхийн АШТ-д оролцуулахад хүрэл медаль хүртсэн гэдэг. Аав нь 11 настай сэргэлэн бор хүүгээ медаль хүртэхэд нь ихэд баярлан бэлгэшээж, тэр жил “Тэмүүжин” спорт сургалтын төвд хөтлөн ирж, дасгалжуулагч Ц.Гантөгсийн шавь болгосноор тамирчны гараа нь эхэлсэн түүхтэй. Багшийнхаа удирдлагад хэдэн сар бэлтгэл хийсэн тэрбээр дасгалжуулагч Г.Нэргүй багшийн нэрэмжит тэмцээн Хан-Уул дүүрэгт болоход түрүүлжээ. Тэр үеэс золгож, тонгордог мэхийг бэлтгэл хийх явцдаа сурсан аж. Хожим нь тэдгээрийг тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөгчдөө буулгаж авдаг дархан мэхээ болгосон юм.
2022 оноос эхлээд түүнийг дасгалжуулж байна. Багшийн хувьд шавиа сэтгэл зүйгээр хожигдсон гэх ялагдал сонсохгүй тамирчин болсон гэж дүгнэдэг
Бөхийн спортод хөл тавьсан цагаас шантармаар зүйлтэй багагүй тулгарсан ч хүсэл, тэмүүллийнхээ төлөө бүхнийг даван туулсан байдаг. Түүний багш нь шавь нараа тамирчнаар бэлтгэхийн зэрэгцээ зөв хүн болгож төлөвшүүлэхийн төлөө анхаарал хандуулж, үг, үйлдлээ хянаж, няхуур байхыг зөвлөдөг нь хожим амжилт гаргахад, амьдралд хөл тавихад ч сайнаар нөлөөлжээ. Хэцүү санагдсан бүхнийг бие, сэтгэлийн хүчээр даван туулсан нь түүнийг хурцлан, хилийн дээс алхахад нь алхам урагшлуулж, амжилтаас атгуулсан юм. Дэвжээнд гарсан эхний өдрөөс бэлтгэлээ чин сэтгэлээсээ чанартай хийхийг баримталж ирсэн нь өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. “Хүч” спорт хороогоор овоглож ирсэн түүнд олон давуу тал бий. Аливаа зүйлийг сурахаар мэрийсэн бол халшрахгүй хичээсээр заавал өөрийн болгодог зантай. Чөлөөт бөхөөр 14 жил хичээллэсэн түүнд ДАШТ-ээс медаль зүүх амархан байгаагүй. Багш нарынхаа зааснаас гадна өөрөө маш их хичээл зүтгэл гаргаж, тууштай хөдөлмөрлөсний үр дүнд шагналын тавцанд зогссон юм.
2013 онд чөлөөт бөх олимпын наадмын төрлөөс хасагдах тухай яригдахад спортын хорхойтнууд “5 wrestling” нэртэй цахим хуудас нээн, дуу хоолойгоо нэгтгэж, гэрэл зурагчдын дуран авайд буусан чөлөөт бөхийн өмсгөлтэй хоёр хөвгүүний сэтгэл зовнин зогсох агшныг ковер зургаа болгосон юм. Тэдний нэг нь Т.Тулга. Түүнийг нэг өдөр бэлтгэл хийхээр иртэл найз нь уйлаад зогсож байж. Тэрбээр дэргэд нь очоод тайвшруулах үед гэрэл зурагчид зургийг нь буулгасныгх ожим мэдсэнээ дурссан байдаг. Түүнээс хойш гурван жилийн дараа тэрбээр олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2019 онд ДАШТ-д оролцон Токиог зорих эрх гардсанаар 2021 онд олимпын дэвжээнд хүч сорив.
Тэрбээр өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчин байхдаа 2013 онд өсвөр үеийнхний УАШТ-д өөрөөсөө ах тамирчдыг ялж, түрүүлсэн нь түүний амьдралд мартагдахааргүй сайхан дурсамж үлдээжээ. Улсын аваргаас хүртсэн анхны алтан медаль нь түүнд чөлөөт бөхөөр тууштай хичээллэхэд урам өгсөн гэдэг. Тэр жил ДАШТ-д оролцохоор явсан ч эрүүл мэндийн шалтгаанаар барилдаагүй бөгөөд дараа заавал өрсөлдөнө гэсэн бодол тээж ирсэн нь зорилгоо биелүүлэх томоохон түлхэц болсон юм. 2016 онд чөлөөт бөхийн УАШТ-д зодоглосон барилдаан үзэгчдийг алмайруулав. Дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Гантөгс нарын удирдлагад “Арслан” клубт бэлтгэл хийж оролцон, улсын аварга Т.Түвшинтулгыг 6:0-ээр ялж, шигшээд шалгарснаар залуу үеийнхэн жиндээ цойлж, тэмцээнийг өнгөлөх болсныг харуулсан. Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхдээ олон зүйлийг ажиглан судалж жилээс жилд ур чадвараа ахиулсаар байлаа.
Түүнийг тамирчин болох үеэс гэрийнхэн нь дэмжиж, найдвартай ар тал болж иржээ. Энэ спортод сэтгэлээ зориулж, цалинтай, цалингүй, хоолтой, хоолгүй зүтгэн амжилт гаргахад хань Ц.Мөнхзулынх нь халамж, дэм тус ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүнд нөхрийнх нь ямар ч үед байгаагаараа байдаг энгийн, даруу зан ихэд таалагдсан аж. Тиймдээ ч “Амжилт нь ахих бүрт үүрэг, хариуцлага нэмэгдэж, амжилтыг нь бууруулахгүй урагшлуулахад асар их зориг, тэвчээр, ухаан шаарддаг. Хань байна гэдэг нэгнийхээ дутууг нөхдөг гэж ойлгодог. Хамтдаа нэг зүг рүү харж, хооллолтод нь анхаарал хандуулан, зорилгод нь хүргэхийн төлөө хичээж байгаа” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрбээр ханийнхаа төрсөн өдрөөр аваргын бүс, ДАШТ-ий алтан медаль зүүснээр зургийг нь бэлгэдэн зуруулаад бэлэглэжээ.
Олимпын эрх өвөртөлсөн жил Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн тамирчнаа дэмжин, хоёр өрөө байр бэлэглэсэн нь амжилт гаргах том урам хайрласан байна. Түүний хувьд байгалиас заяасан бяр тэнхээ, ялна, чадна гэсэн тэмүүллээр урагшилсан сэтгэл зүй нь хилийн дээс хэдэнтээ алхуулж, хаана ч очсон дасан зохицох чадварт сурган шилдгүүдийн нэг болгож чадсан юм. Казахстаны Нур-Султан хотод 2019 онд болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөө дэлхийд амжилтынхаа чансаагаар тэргүүн байрт бичигдсэн Энэтхэгийн тамирчин Б.Бажранг Пуниятай таарч, 8:7-гоор ялагдан медалиас атгаад алдсан нь олон зүйлийг ухааруулж, илүү амжилт гаргах хүслийг нь улам бадраав.
Тэр хүслээ 2021 онд Токиогийн олимпын дараа Норвегийн Осло хотод болсон ДАШТ-д биелүүлж, шагналын тавцанд зогссон. Түүний хувьд Ослогоос хүрэл медальтай ирж олныг баярлуулсан билээ. Тус ДАШТ-д хойд хөршийн бөх Загир Шахиевт 4:4-өөр хожигдсоныг үзэгчид тухайн үед шүүгч алдаатай шүүсэн хэмээн ярьж байлаа. Хэрвээ түүнийг ялсан бол Ираны тамирчин Рахман Амузадхалилитай аваргын төлөө хүч үзэх байв. Тэрбээр эх орондоо болсон Азийн АШТ-д Рахман Амузадхалилийг 10:0-ээр ялж, түрүүлж байлаа. Энэ жил Ханжоуг зорихоосоо өмнө Сербийн Белград хотод зохион байгуулсан ДАШТ-д шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялалтаа Азербайжаны бөх, дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевт алдсан ч Азийн наадмын дэвжээнд алтан медалийн эзэн болсон. Эл наадмын аваргын төлөөх барилдаанд хүчтэй өрсөлдөгч болох Рахман Амузадхалилийг 11:1-ээр буулган авч, Монголын багийн хоёр дахь түрүүг хүртсэн нь бахдам амжилт Т.Тулгад бий. Түүнд 2019-2023 он амжилт хайрласан онцгой жилүүд байв.
2022 оны зургаадугаар сард Казахстаны Алматыд болсон, Болат Турлыхановын нэрэмжит, мөн Хорват улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон дэлхийн чансаа олгох “Загреб опен” тэмцээнд аваргаллаа. Түүнээс дөрвөн сарын дараа, Киргизийн Бишкек хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд Төрийн дууллаа эгшиглүүлж, “Ranking series” ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медаль хүртэв. ОХУ-ын Москва хотод болсон Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд нутгийнх нь тамирчныг ялж түрүүлсэн. Энэ жилийн УАШТ-д жиндээ тэргүүлж, Казахстаны Нур-Султанд болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль гардсан гээд дурдвал түүний амжилтын буухиа араасаа хөвөрнө.
Өмнөд хөршид зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тамирчдын амжилтын чансааг шинэчлэн зарласан. Чансааг гаргахдаа ДАШТ, Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ, Азийн болон Пан-Америкийн наадам, Хорват, Eгипет, Киргиз, Унгарын “Ranking series” тэмцээний оноог оруулж тооцжээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын тамирчдаас Т.Тулга 61 500 оноогоор жагсаалтыг тэргүүлэв. Түүний ард ОХУ-ын бөх Загир Шахиев II (56 400), Азербайжаны тамирчин Гаджи Алиев (52 400) III байрт бичигдсэн юм. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзориг түүний талаар “Тэрбээр хүч, бяраар илүү, золгож барилддаг онцлогтой. Дархан мэх нь тонгороо. Сүүлийн үед гарт эргэх мэхийг сайн хийж, өрсөлдөгчдөө ялж байгаа.
Ослод болсон ДАШТ-д барилдахдаа Энэтхэгийн бөхийг энэ мэхээрээ хожсон. Би 2017 онд дасгалжуулагч болсноор шавь нарынхаа техникийн багшаар долоон жил ажиллаж байна. Т.Тулгад тамирчин хүнд байдаг сайн чанарууд бий. Ёс зүй, сахилга баттай. Бэлтгэл хийхдээ өөрийгөө их дайчилдаг” хэмээн ярьсан бол Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга “2022 оноос эхлээд түүнийг дасгалжуулж байна. Багшийн хувьд шавиа сэтгэл зүйгээр хожигдсон гэх ялагдал сонсохгүй тамирчин болсон гэж дүгнэдэг” хэмээсэн нь бий. Тэрбээр 65 кг-ын жинд зодоглодог Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нараар бахархаж, үлгэр дуурайл аван барилдааныг нь харж, бичлэгийг нь үзсэнээр дэвжээнд илүүрхдэг болж2018 онд үндэсний шигшээ багийн босгоор нүүр бардам алхсан юм. Тэр цагаас багш нар нь түүнд итгэл хүлээлгэж, дотоод, гадаадын олон тэмцээнд сойх болжээ. Токиогийн олимпод оролцохдоо алдаанаасаа суралцаж, туршлага чамгүй хуримтлуулсан тул тэрбээр Парисын олимпод өрсөлдөх өндөр итгэлтэй байгаа.