Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэлжээ. 40 дэх удаагаа зохион байгуулах уг наадамд оролцох найрагчид энэ онд бичсэн, ном, хэвлэл, цахим орчинд нийтлүүлээгүй хоёр шүлгээ ирүүлэх аж. Ингэхдээ нэг бүтээл нь эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх шаардлагатай гэнэ. Учир нь өнөө жил “Болор цом” наадмыг Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймагт зохион байгуулахаар болсон байна. Харин наадам болох хугацааг одоогоор товлоогүй аж. Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг нь хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд энэ удаагийн наадмыг зохион байгуулах нь. Найрагчид бүтээлээ энэ сарын 18 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн и-мэйл хаягаар илгээх боломжтой. Ташрамд дурдахад, “Болор цом” наадмыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сараас зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
Бэлтгэсэн А.Тайшир