“Урлагийн хөгжил, ирээдүй” ТББ гэх нэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас урлаг, тэр дундаа театр сонирхогчдын сонорт хүрч эхэлсэн юм. Уг байгууллагыг олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт, бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүд зохион байгуулах зорилготой үүсгэсэн юм. Тус байгууллагынхан “Bee” театраараа дамжуулан тоглолт, шинэ уран бүтээлүүд үзэгчдэд хүргэж буй. Эл театр хөшгөө зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулснаар нээж, Н.Болороогийн “Тусгал” жүжгийг Т.Цэнд-Аюушийн найруулгаар удаах уран бүтээл болгон толилуулсан билээ.
Тус театраас Олон улсын театрын институтийн Монгол дахь төвтэй хамтран моно буюу нэг хүний жүжгийн сар зарлаад байна. Үүний хүрээнд нэг хүний гурван жүжгийг энэ сард хүргэх юм. Тодруулбал, аравдугаар сарын 7-ноос Д.Мэндсайханы зохиол “Хүүхэлдэй” жүжгийг хүргэсэн бол өчигдрөөс Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд”-ийг толилуулж байна. Мөн 28-наас Н.Болороогийн зохиол “Галт шувуу” жүжгийг тоглох юм. “Bee” театрын захирал Д.Мэндсайхан “Бидний баримталдаг гол зарчим бол сайн зохиол сонгож үзэгчдэд хүргэх явдал. Сайн зохиол өчнөөн бий. Тэдгээрээс дотоодын зохиолчдынхоо бүтээлийг голчлон хүргэж, урын сангаа тэлэх зорилготой. Мэдээж орчуулгын зохиол, гадаадын зохиолчдын бүтээлээс хүргэлгүй яах вэ. Ингэхдээ уран сангийн 70 хувийг дотоодын, үлдсэн 30 хувийг гадаадынх эзлэх юм. Үүний тулд дотоодын зохиолчдын бүтээлийг илүү судлах, хүмүүст хүргэх, шинэ зохиолч бэлтгэх, тэдний зохиолыг тайзнаа амилуулахыг зорьж байна. Нөгөө талаар үйл ажиллагаа явуулж буй бусад театраас ялгарахыг хүссэн. Мөн манайх жүжгийн зохиолын сургалт явуулдаг. Эл сургалтын үр дүнд бүтсэн зохиолыг жүжиг болгон театртаа амилуулах боломжтой” хэмээлээ.
Монодрам буюу нэг хүний жүжиг гэх төрөл эртний Грекээс эхлэн хөгжиж 1700-гаад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ аван, ихэд дэлгэрсэн байдаг. Эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин хэд хэдэн дүрд хувирах, үзэгчидтэй, ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг. Гол төлөв сэтгэл зүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл. Тийм ч учраас уран бүтээлчийн авьяас, ур чадварыг бүрэн сорьдог тайзны урлагийн төрөлд тооцогддог. “Bee” театрынхан залуу уран бүтээлчдийн жүжгийн энэ төрлөөр бүтээсэн орчин цагийн, шинэлэг тайзны уран бүтээлийг жил бүр уламжлал болгон хүргэхээр зорьж буй. Ингэснээр үзэгчдэд сонирхолтой бүтээл хүргэхээс гадна залуу уран бүтээлчдэд мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх боломж олгох давуу талтай.
“ХҮҮХЭЛДЭЙ”-Н ӨЧИЛ
Нэг хүний жүжгийн сар “Хүүхэлдэй” уран бүтээлээр эхэлсэн. Тус жүжгийн зохиолыг УДЭТ-ын “Найзууд миний бооцоо”, “Ээж ээ”, “Мануухай”, “Хувьсал” продакшны “Надад өгөөгүй хайр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Худалч эгч”, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Жангар” жүжгийн зохиолоор нь эчнээ мэдэх Д.Мэндсайхан бичжээ. Харин найруулагчаар нь тайзны уран бүтээлийн гараагаа гурван өөр насны бүсгүйн амьдрал, зөрчлийг өгүүлдэг, эмэгтэй хүний нөхөрлөл, амьдралын үнэ цэнийг харуулсан “Тусгал” жүжгээр эхэлсэн Т.Цэнд-Аюуш ажилласан байна. Тус жүжгийн гол дүрд тоглосон А.Энхжин энэ удаа “Хүүхэлдэй”-д “хувирсан” юм.
“Би бол хүүхэлдэй. Би бол Мама. Би мэдүүлж байна. Гэхдээ би бүх зүйлийг бүүр эхнээс нь мэдүүлье. Тэгвэл сая бүх зүйл тодорхой болох байх. Үүнийг өгүүлэхгүйгээр би цааш ярьж чадахгүй байх. Ямарваа нэг зүйл, юу ч тэр эхлэлээс л эхэлдэг хойно доо. Эхлэлгүй юм гэж хаана ч, хэзээ ч байдаггүй. Төгсгөл бол бүүр ч байж таарахгүй. Тиймээс л би энэ оршлыг эхэлж байна. Уйтгартай удаан байлгахгүйг хичээнэ ээ, хэрвээ татгалзахгүй бол шүү дээ. Баярлалаа. Тийм ээ, би бүгдийг эхнээс нь ярья. Бүүр эхнээс нь...” хэмээгээд нэгэн хүүхэлдэй дэлгүүрийн лангуун дээрээс шинэхэн “гэр бүл”-дээ очиж буйгаар жүжиг эхэлнэ. Хүүхэлдэй, ер нь л тоглоомууд хүүхдүүдэд баяр хөөр, аз жаргал бэлэглэх ганцхан үүрэгтэй. Тоглоомоороо тоглож наадаж, хайрлаж халамжилснаар тэд ч бас “амьдарч” эхэлдэг. Хүүхэлдэй болж бүтээгдсэний үнэ цэн энд л оршдог. Мама ч гэсэн хайрлуулахыг, өнөр гэр бүлтэй болохыг хүсэж байлаа. Бүр тэсэн ядаж байлаа. Гэхдээ тэрбээр энэ замыг туулах хүртэл их уджээ. Дэлгүүрийн лангуун дээр маш их удсан. Харин тэр нэгэн өдөр жаахан охинтой, залуухан хос уг хүүхэлдэйг худалдаж авснаар үйл явдал хөврөх аж. Гэр бүлийн таагүй, тааламжгүй, хүйтэн байдал нэмэгдэж, аав, ээж хоёрынх нь үе үемаргалдах, уйлах, хашхирах, хэрэлдэх нь ихэсжээ. Тийм өдрүүдийн тоо улам олширч, ээж, аав хоёрынх нь дуу дээд цэгтээ хүртэл чангарч, аяга, шаазан, шил толь хагарах чимээ бүрт охин чарлан уйлдаг байлаа. Тэр бүгд нь хаалга тасхийн
савах чимээнээр л сая намдаж, ээж нь охиноо аргадан, заримдаа уйлж, заримдаа амандаа юу ч юм бувтнаж, заримдаа гартаа тааралдсан ямар нэгэн зүйлийг хаа нэгтээ хага шидсэнээр дуусдаг байв.
Охинд ээж нь хэрхэн хандана, охин тоглоомууддаа яг л тэгж хандана. Эхэндээ хүүхэлдэйгээ эвийлэн тэвэрч, өхөөрдөн тоглодог байсан охин өдөр ирэх тусам өөрчлөгдөж, сэгсэрч, шидэж, үл тооно. Охиноо ийн өдрөөс өдөрт өөрчлөгдөж байсныг хэн ч ажиглаагүй, мэдрээгүй. Бүр ээж нь ч тэр, аав нь ч тэр.
ХЭНД Ч ХЭЛЭЭГҮЙ НУУЦ
“Bee” театрын тайзнаа өчигдрөөс Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд” жүжгийг толилуулж эхэллээ. Кино жүжигчин, найруулагч, жүжиг болон кино зохиолч Гириш Карнад нь Энэтхэгийн утга зохиолын дээд шагналыг хүртсэн нэгэн. Тэрбээр 2004 онд “Хоёр монолог” нэртэй хоёр моно жүжиг туурвисны нэг нь эрэгтэй жүжигчинд зориулсан “Цэцэгс”, нөгөө нь эмэгтэй уран бүтээлчид тусгайлсан “Хэмхэрхий дүрснүүд” аж. Эл жүжгийг “Шүүдэр дундуур”, “Элэг нэгтэн”, “Аав”, “Эсү”, “Нинжин сэтгэл”, “Хүний цаана”, “Хотулун гүнж” зэрэг олон дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн төдийгүй У.Шекспирийн “Гамлет”, “Х ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” зэрэг тайзны уран бүтээлд чадварлаг тоглосон Л.Эрдэнэ-Очир найруулж, жүжигчин М.Мөнхчимэг тоглож буй. СУИС болон БНСУ-ын Конжү урлагийн сургуулийг театрын жүжигчнээр төгссөн М.Мөнхчимэг “Өнгөт инээд” энтертаймент, УДЭТ, “Од” театрт ажиллаж “Гамлет”, “Тэнгэрийн хээ”, “Төгс” зэрэг драмын жүжигт тоглосон чадварлаг уран бүтээлч.
Нэрд гарч яваа залуу зохиолч эмэгтэй өөрийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх гэж буй нь энэ. Тэрбээр “Намайг эрүүл чийрэг, амьдралын идэвхтэй эмэгтэй атлаа яаж бүх насаараа хэвтэрт байсан өвчтэй, эмзэг дорой бүсгүйн дотоод сэтгэлийг уудлан гаргаж чадав аа” гэж асуудаг. Харамсалтай нь, романы гол дүр, өвчтэй бүсгүй гээд байгаа чинь миний дүү Гийхсаран юм шүү дээ. Тэр минь өвчнөөс болоод суугаа болсон юм. Оюун ухаан нь эрүүл саруул боловч, бүсэлхийнээс доош ямар ч мэдээгүй. Зургаан жилийн өмнө эцэг, эх минь өөд болж, дүү минь надтай амьдрахаар ирсэн. Би түүнийгээ асарч, сувилдаг байлаа. Сүүлийн хэдэн сар түүний амьдрал тийм ч удаан үргэлжлэхгүйг би мэдэрч байсан. Үнэнийг хэлэхэд ном минь Гийхсарангийн тухай. Түүнийхээ дурсгалд зориулж бичсэн гэж болно. Дүү минь өнгөрсөн жил өөд болсон. Энэ номыг хэвлэгдэхээс хэдхэн сарын өмнө. Түүнийг асарч, сувилж, алхам алхмаар үхэл рүү дөхөж буйг нь харсан хэрнээ юу ч хийж чадахгүй шимширч суухдаа сэтгэлд нь чухам юу болж байсныг олж мэдэрснээ хүмүүст хэлэх гэсэн юм. Би дүүгээ маш их санаж байна. Хөөрхөн, энхрийхэн дүүгээ санаж байна” гэв. Харин үнэндээ төрсөн цагаасаа л аав, ээж хоёрынх нүдний цэцгий мэт байж, хамаг л анхаарлын төв болсон дүүдээ Гийхнаран атаархсаар иржээ. Дүүг нь цаг үргэлж хүрээлж байсан тэр их хайр, халамжийг эдэлсэн бол гэж үргэлж боддог байв. Цаг үргэлж хамгийн сайн, хамгийн шилдгийн дараагийнх нь болдог гэдэгтээ тэрбээр эвлэрч өсжээ. Ном бичиж, хэвлэгдэх хүртэл нөхрөөсөө ч хараат амьдарч байж. Сэтгэл зүйн талаасаа ч, санхүүгийн талаас ч тэр. “Гэр бүлд нөхрийн үүрэг, орон зай дэндүү том, дэндүү их байсан. Гэтэл гэнэт би амжилтад хүрсэн. Харин энэ бүхэн түүнд ердөө ч сонин байгаагүй. Тэгээд л намайг орхиод явчихсан”. Гийхнаран хүмүүст ингэж л хэлдэг байж. Нас барахаасаа жил хагасын өмнөөс бие нь улам дордож байгааг мэдээд Гийхсаран өдөржин компьютероос салахаа больжээ. “Ямар нэг зүйл бичээд байна даа” гэдгийг нь Гийхнаран мэдсэн ч юу гэдгийг нь сонирхох зав байгаагүй аж. Харин Гийхсаранг өөд болсны дараа бичээд байсан зүйлийг нь хайсан ч өрөөнөөс нь олоогүй. Харин нөхрийнхөө өрөөнөөс олжээ. Гийхсаран зохиолынхоо дүрүүдийг нууцалсан байв. Жишээлбэл, Гийхнаранг төрсөн эгч биш, үеэл гэх мэтээр. Гэхдээ яг л тэр байж. Яг тэр мөчид золгүй, тахир дутуу “амьтан”-ыг хэчнээн их үзэн яддагаа Гийхнаран ойлгожээ. Тэр түүнийг номдоо доромжилж. Харин тэрбээр зохиолыг нь өөрийнхөө нэрээр хэвлүүлж өшөөгөө авчээ.
ИТГЭЛ НАЙДВАРЫН БЭЛГЭДЭЛ “ГАЛТ ШУВУУ”
“Галт шувуу” жүжгээр моно жүжгийн сар үргэлжилнэ. Эл жүжгийн зохиолыг Н.Болороо бичсэн бөгөөд Ч.Жавхлантөгс найруулж, Б.Одгэрэл тоглоно. UBS телевизээс зохион байгуулсан “To be or not to be” уралдаанд амжилттай оролцсоноор УДЭТ-т ажиллах үүд нь нээгдэж, долоон жил ажилласан Б.Одгэрэл Моно жүжгийн үндэсний төвөөс зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” анхдугаар наадамд түрүүлж, үндэсний ялагчаар шалгарч байлаа. Түүнийг УДЭТ-ын уран бүтээлүүдээс гадна “Black box” театрын “Тамын хаалга”, “Хоёр хүний дэмийрэл”, “Жаалхүү” фильмийн найруулагч Л.Таванбаярын “Эгч, дүү хоёр”, “Альфа” театрын “Фауст”, “Орфей” театрын “Гэм зэм”, “Bee” театрын “Хүн гөрөөс”, “Риакшн” продакшны “Чи надад хайртай” зэрэг жүжигт гарамгай тоглосныг театрын уран бүтээлд шимтэгсэд андахгүй. “Галт шувуу” уран бүтээлийнхээ талаар тэрбээр “Эл жүжгийг зохиолч Н.Болороо надад зориулж бичсэнийг “Bee” театрын захирал Д.Мэндсайхан өнгөрсөн зун надад хэлсэн юм. Жүжигчин хүний хувьд зохиолч надад зориулж бүтээл туурвисныг мэдэх нэр төрийн хэрэг. Тиймээс нэг хүний жүжгийн сарын хүрээнд эл уран бүтээлээ заавал хүргэхээр ханцуй шамлан орсон юм. Жүжгийн найруулагчаар Ч.Жавхлантөгс, тайзны зураачаар Б.Бат-Эрдэнэ, хувцасны загвар зохион бүтээгчээр Г.Наранхажид нарын авьяаслаг залуусаар багаа бүрдүүлэн ажиллаж байна. Эл жүжгээр хүчирхийлэл, тэр дундаа сэтгэл зүйн хүчирхийллийн тухай “дуугарах” болно. Хосын харилцаа, гэр бүл салалт, нийгмийн хандлага, дарамт зэргээс үүссэн сэтгэл зүйн эмгэг гэхчлэн олон нөлөөллийг тусгасан зохиол” гэсэн юм.
Саран хүүтэйгээ амьдардаг, ганц бие ээж. Нөхөр нь “Чи минь ядарчихна, би тэртэй, тэргүй хангалттай мөнгө олж байхад чи ажил хийгээд хэрэггүй” гэхэд нь өөрт нь л санаа тавьж байна гэж бодоод ажлаасаа гарсан ч тэр нь Саранг хүссэнээрээ цагдах гэсэн атгаг санаа байлаа. Хүүгээ жаахан томрохоор нь “Ажил хийе” гэж хэлээд бараг л алуулах шахаж. Азаар аав нь ирж таараагүй бол гэхээс Сарангийн бие арзасхийнэ. Энэ явдлаас хойш удалгүй аав нь өөд болж, ээж нь охиноо хамгаалах гэсэндээ байраа заран хол нүүжээ. Тэр үеэс хойш Саран хүүгээ хүнээс дутаахгүй гэсэндээ хэдэн төгрөг олох гэж цаг наргүй зүтгээд ээждээ ч олигтой хань болж чадсангүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл өчнөөн олон жилийн дараа хүүгийнх нь аав “Эхнэр төрчихсөн. Хүүг манай руу явуулаадах. Хэд хоног хүүхдээ харуулмаар байна” гэж залгаж. Тэр өдөр Саран өнгөрснийг, юуг хэрхэн туулснаа эргэцүүлэв. Хэн ч миний оронд цоожтой хаалганы цаана амьдарч үзээгүй байж намайг ад үзсэн. “Чи л өөрөө болохгүй байсан болоод нөхөр чинь хатуурхаа биз. Эмэгтэй хүн чинь ухаанаар эр нөхрөө аргадаж амьдардаг юм. Эр муу ч эмийн дээр гэдэг дээ, нөхрөөсөө зөрөөд байвал яах нь ойлгомжтой. Ганц хүүгээ бодоод тэвчихгүй салдаг нь яаж байгаа юм. Чиний аашнаас л бүх юм болоо биз” гэж буруутгасан. Болоогүй бас “Чи өөртөө арчаатай, олигтой байсан бол юу гэж чамаас уйдаж байдаг юм. Чиний л бардам зан болохгүй байсан байлгүй. Чи өөрөө даруулгатай байх нь яасан юм” гэж намайг ад үзсэн. Тэр ч бүү хэл, ганц бие ээж гэхээрээ л наашаа гэсэн болгонд найр тавьж байх ёстой мэт дээрэлхэнэ, элэг барина” гэж дагжлаа. Тэрбээр юунд ч гомдохгүй, цочирдох ч үгүй, мэдэрдэг ганц зүйл ганцаардалтайгаа эвлэрчихэж. “Саран аль эрт үхсэн. Энэ бол үхсэн Сарангийн биеийг зээлдэн амьдарч буй амьтан. Хүн амьтнаас юугаараа ялгаатай юм бэ. Сэтгэл зүрхээрээ. Тэгвэл тэр чинь үхчихсэн” гэж өөртөө “онош тавив”. Саран хүүгээ л бодож, тэвчиж, амьдарчээ. Харин энэ зуур хүүгийнхээ бэлэглэсэн галт шувуу дүрсэлсэн зургийг олж харав. Түүнд “Ээж ээ, өвөө таныг яагаад галт шувуу гэдэг гээч. Таныг өөдрөг сэтгэлтэй болохоор тэгдэг гэсэн” гэх хүүгийнх нь хоолой сонсогдох шиг болов. “Галт шувуу өөрөө шатаад, үнснээсээ дахин төрдөг гэдэг. Бас шаналал, зовлонгоос мултрах эрх чөлөө, итгэл найдварын бэлгэдэл гэсэн. Би бол галт шувуу. Тийм ээ, үргэлж өөдөө тэмүүлэн нисэх галт шувуу. Хугарсан далавчаа эдгээж, дэлгэн дэвж, энэ бүх түнэр харанхуйг нэвтлэн нисэх цаг болж” гэсээр тэрбээр бослоо.
Ташрамд дурдахад, “Bee” театрынхан нэг хүний жүжгийн сарын хүрээнд бүтээсэн жүжгүүдээ олон улсын наадмуудад оролцуулна. Эхний ээлжид “Хэмхэрхий дүрснүүд” жүжгийг IAPAR олон улсын театрын наадамд оролцуулах болжээ. Энэтхэгийн Пуна хотод арваннэгдүгээр сарын 1-нээс уг наадам эхлэх бөгөөд эхний өдөр эл уран бүтээлийг толилуулах аж.