Жүжигчин Б.Амарсайхан, продюсер С.Уран нар “17” продакшн байгуулж, өнгөрсөн гуравдугаар сард “Хохирогч” нууцлаг, ээдрээт, сэтгэл зүйн драм төрлийн 10 ангит киног үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл тус хамт олны бүтээсэн “Harvest moon” буюу “Эргэж ирэхгүй намар” бүтээл Канадын Ванкувер хотод зохион байгуулдаг олон улсын кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийх эрх авчээ. Тодруулбал, 41 дэх удаагийн Ванкуверийн кино наадам энэ сарын 29-нөөс ирэх сарын 9 хүртэл үргэлжилнэ. “Эргэж ирэхгүй намар” киног ирэх сарын 7, 8-нд Канадын алдартай “Vancity theatre” болон “The cinematheque” кинотеатрт олны хүртээл болгох аж. Сонирхуулахад, “Эргэж ирэхгүй намар” киног Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Б.Амарсайхан эл киногоо найруулахын зэрэгцээ гол дүрд нь Г.Тэнүүн-Эрдэнэтэй хамтран тогложээ.