Өнгөрсөн хавар Майамид болсон “Мастерс”-т Карлос Алькарас дуулиантайгаар түрүүлж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болоход нь Испанийн эзэн хаан болон нэрт теннисчин Р.Надаль нар баяр хүргэж байлаа. Хэдэн долоо хоногийн дараа Барселонад болсон АТР-ийн тэмцээнд мөн л түрүүлж, сүүлийн 15 жилд дэлхийн чансааны эхний 10-т багтсан анхны өсвөр настан, Р.Надалиас хойших (2005) хамгийн залуу аварга болов. Үүнээс хэдэн долоо хоногийн дараа Мадридад болсон “Мастерс” тэмцээнд түрүүлэхдээ 19 настай К.Алькарас дэлхийн чансааны эхний гуравт багтдаг Р.Надаль, Н.Жокович, А.Зверевийг дараалан хожсон юм. Карлосоос өмнө Рафа, Новак хоёрыг грунт талбайд хэн ч ялж байгаагүй бол сүүлийн 15 жилд “Мастерс” тэмцээний түүхэнд нэг ч тоглогч чансааны эхний тавд багтдаг гурван өрсөлдөгчөө ялж түрүүлээгүй аж.
Ийнхүү К.Алькарас оролцсон бараг тэмцээн бүрийнхээ хамгийн залуу ялагчаар тодрон дээд амжилт тогтоож эхэлснээр теннисний ертөнцийн анхаарлын төвд оров. Залуу испани тамирчныг агуу тоглогч болж, олон олон тэмцээний түрүүг хүртэнэ хэмээн чухам тэр үеэс буюу 2022 оны тавдугаар сарын сүүлийн өдрүүдээс спорт сонирхогчид таамаглаж эхэлсэн билээ. Гэвч түүнийг ийм хурдан олонхын хүсэн хүлээж байсан амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр ердөө гурван сарын дараа “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, анхны “Их дуулга”-ын түрүүгээ хүртэн, теннисний спортын түүхэнд хамгийн залуудаа чансааны “номер нэг” боллоо. Энэ бүхэн түүний спортын ур чадвараас гадна хүмүүжлээс давхар шалтгаалсан гэж болно. Майамигийн “Мастерс”-ын финалаас өмнө өвөө нь К.Алькарас руу утасдаж багад нь өгч байсан зөвлөгөөгөө сануулжээ. “Тархи, зүрх, өндөг. Энэ бол миний сэтгэл зүйн суурь” хэмээн тэрбээр өвөөгийнхөө зөвлөгөөний тухай инстаграм хуудсандаа бичсэн байдаг. Өвөө нь ач хүүгийнхээ тухай бичсэн сонин сэтгүүлийн мэдээ, нийтлэл бүрийг 14 настай байхаас нь буюу төрөлх Мурсия хотод болсон “Фьючерс” тэмцээнд түрүүлснээс нь хойш хадгалж иржээ. “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлснийхээ дараа чухам эл тэмцээн болон ээжийгээ бодоод уйлсан гэдгээ Карлос өгүүлсэн нь бий.
Өвөө нь түүний супер хөгжөөн дэмжигч болдгоос гадна Алькарас өөрийг нь дэмждэг тун өнөр өтгөн гэр бүлтэй. Эцэг, эх, гурван ахаас нь гадна дэлхийн чансааг тэргүүлж байсан Испанийн нэрт теннисчин Х.К.Ферреро тэргүүтэй баг түүний ард ажилладаг. Майамид болсон тэмцээний үеэр хайртай дасгалжуулагч нь байгаагүйд К.Алькарас ихэд тэвдсэн гэдэг. Учир нь Феррерогийн аав нас барсан учир тэмцээний зөвхөн финалд л ирж шавиа удирдсан аж. Тиймээс залуу теннисчин Флорида дахь ялалтаа Э.Феррерод зориулсан юм. Бусдад талархаж сурсан нь залуу тоглогчийн олон сайн зан чанарын нэг. Энэ зан чанар нь түүнийг улам сайжрахад тусалдгаас гадна аавынх нь гунигт түүхийг санагдуулдаг. Түүний аав Карлос Сениор 1990-ээд оны эхээр 15 настнуудын Испанийн АШТ-д түрүүлсэн агаад цааш улам сайжрахын тулд Барселона дахь Л.Бругерийн теннисний академид суралцах шаардлагатай болжээ. “Академид нь сурахын тулд сард 80 мянган песет төлөх ёстой гэж Луис, эцэг эхэд маань хэлсэн. Гэхдээ миний авьяасыг харж үзээд 40 мянга болгож бууруулах боломжтой гэсэн юм. Гэхдээ эцэг, эхэд маань ийм хэмжээний мөнгө байгаагүй. Ингээд би Эль Пальмарт үлдэж, теннисний сургалт хийх, шүүгчээр ажиллахдаа анхаарах болсон” хэмээн К.Алькарасын аав дурсжээ. Харин тэрбээр өөртөө олдоогүй боломжийг хүүдээ өгөхийн тулд чадах бүхнээ хийсэн. Үүнийг нь ч хүү нь ойлгодог аж. Аав нь түүнийг гурван настай байхад теннисний цохиур бэлэглэсэн агаад тэрхүү бэлэг нь одоо ч гэсэн өрөөнд нь Р.Надаль, Р.Федерертэй хамт авхуулсан гэрэл зураг болон “Реал” (Мадрид) багийн зурагт хуудасны хамт өлгөөтэй байдаг гэнэ. “Түүнийг сайн тоглогч болно гэдэгт би эргэлзсэн. Тэр заримдаа цохиураа мартчихна, нэг удаа найзтайгаа хоолны үеэр алимнаас болж муудалцаж байлаа. Мөн талбай дээр их сонин гүйдэг байсан болохоор нь Тарзан гэсэн хоч хүртэл өгч байсан” хэмээн К.Алькарасын анхны дасгалжуулагч К.С.Боске дурсжээ. Харин өнөөдөр тэрхүү эв хавгүй хөдөлгөөнтэй хүү эрэгтэйчүүдийн теннисний ертөнцийн оргилд заларчээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар