Дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Медведев (ОХУ) өнгөрсөн ням гарагт ялагдсанаар “US Open”-ий хамгийн өндөр чансаатай тоглогч нь Р.Надаль (2) болов. Гэвч испани теннисчин өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ф.Тиафод 6:4, 4:6, 6:4, 6:3-ын харьцаатай ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэн шуугиан тарилаа.
Гэхдээ Уимблдоны үеэр гэдэсний булчингаа гэмтээсэн Р.Надаль Цинциннатид болсон ганцхан тэмцээнд оролцсон агаад бэлтгэл тааруу байсан гэж болно. Хэдийгээр тэрбээр энэ удаагийн “их дуулга”-ыг орхиж буй ч тус тэмцээний дараагаар дэлхийн чансааг тэргүүлэгч болох магадлалтай юм. Гэхдээ К.Алькарас, К.Рууд нарын хэн нэг нь финалд гарвал испани теннисчин тэрхүү боломжоо алдана. Харин түүхэн ялалт байгуулсан Ф.Тиафо бол замналдаа ганцхан тэмцээнд (2018 оны Дэлрей бич) түрүүлж, гурван тэмцээний финалд шалгарсан даруухан амжилттай тамирчин юм. “Их дуулга” тэмцээний хувьд 2019 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний оргил амжилт юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар