Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэрэглээний хэмжээг нэмсэнийг Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-иас мэдээлэв. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 21.00-06.00 цагийн хэрэглээг хамруулж тооцдог байсныг 21.00-09.00 болгож өөрчилжээ. Хөнгөлөлт тооцох хугацааг гурван цагаар сунгасан гэсэн үг. Харин хэрэглээний хязгаарыг нь 800-1500 кВт/цаг болгож нэмэгдүүлжээ. 220 вольтын сүлжээнд холбогдсон өрхүүдийн хэрэглээний хязгаарыг өмнө нь 700 кВт/цагаар тооцдог байсныг 1500, 380 вольтын сүлжээнд холбогдсоныхыг нь 1500-гаас 3000 кВт/цаг болгож нэмсэн аж. Энэхүү хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газрын гэр хорооллын бүсэд оршин суудаг, цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдахыг УБЦТС ТӨХК-ийнхан тодотгов.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн цаг, хэрэглээний хязгаарыг нэмэгдүүлж, энэ оны хоёрдугаар сараас мөрдөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч иргэд мэдээлэлгүй байгааг хэллээ. Эл шийдвэртэй холбогдуулан борлуулалтын үйл ажиллагааны цахим системд өөрчлөлт оруулах ажлуудыг дээрх компаниас хийж, цахилгааны хөнгөлөлтийг шинэчилсэн журмаар тооцох техникийн нөхцөл бүрдүүлжээ. Системийн доголдлоос үүдэлтэйгээр хуучин цагийн хуваарь, хязгаарын дагуу төлбөр нь бодогдсон 42 823 хэрэглэгчид залруулга, мэдэгдэл хүргүүлсэн аж. Энэ нь иргэдийн дунд ташаа мэдээлэл түгэх, ойлгомжгүй байдал үүсэх нөхцөл болсныг УБЦТС ТӨХК-ийнхан дурдаад, хэрэглэгчдээс хүлцэл өчсөн юм.
Ж.Сувд