Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын “автор”-той LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг Зам, тээврийн яамныхан “барьж авчээ”. Д.Сумъяабазар хотын даргаар ажиллаж байхдаа Буянт-Ухаагаас Зүүн дөрвөн зам хүртэл хөнгөн галт тэрэг явуулна гэсэн маршрут хүртэл гаргачихсан, пиар хийж байв. Гэвч хотын даргын ажлаа хүлээлгэн өгснөөс нь хойш дээрх төсөл ч мартагдсан. Тэгвэл энэ удаад Зам, тээврийн яамныхан Богдхан уулыг тойруулж, Шинэ Зуунмод хот хүрэх хөнгөн галт тэрэгний зам тавих гэнэ. Тэр бүү хэл, уг замынхаа ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахад 28.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ мөнгийг улсын төсвөөс буюу татвар төлөгчид гаргах нь.
Засгийн газар болон төрийн бусад байгууллагаас санаачилсан төсөл, хөтөлбөрийн ТЭЗҮ, зураг төсөл зэрэг янз бүрийн бичиг цаасанд татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум тэрбум төгрөг зарцуулдгийн жишээ ийнхүү үргэлжилж байна. Өөрөөр хэрбэл, 28.6 тэрбум төгрөгөөр зам барихгүй, харин зөвхөн цаас “үйлдвэрлэхэд” зарцуулах гэж байгааг анхаарах хэрэгтэй. LRT төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах тендерийг Зам, тээврийн яамнаас өнгөрсөн даваа гарагт зарласан бөгөөд ирэх сарын 19-ний 10.10 цагт нээх юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Өөдөө тэмүүлэх Монгол” гэсэн сүржин нэртэй, ган татлагат гүүр барих төслийн нэг хэсэг нь LRT гэнэ.
Ташрамд дурдахад, үүнээс гадна Богдхан уулыг нүхлэх зорилготой “Хөшигийн хөндий туннель” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөлд 55.3 тэрбум төгрөг зарцуулах тендерийг Зам, тээврийн яамнаас өнгөрсөн онд зарлаж байв. Уг ажлыг БНХАУ-ын “China design group co limited” гэх компани гүйцэтгэхээр шалгарсан. 55.3 тэрбум төгрөгөөр туннель барих бус, өмнө дурдсан шиг бичиг цаас л “үйлдвэрлэнэ”. Энэ нь бас л татвар төлөгчдийн халааснаас гарна. Нэг талаас Богдхан уулыг нүхлэх нь буруу, нөгөөтээгүүр, зөвхөн ТЭЗҮ, зураг төсөлд хэт их мөнгө зарцуулах ёсгүй гэж олон нийт шүүмжилж, тендерийг цуцлахыг шаардсан ч эрх баригчид хүлээж аваагүй юм.
М.Оч