“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс энэ сарын 7-ноос эхлэн Дархан-Шарын гол, Айраг-Бор-Өндөр чиглэлийн галт тэрэг аялахгүй болсныг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн юм. Тодруулбал, галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс цөөрсөн, үйлчлүүлэгчгүй болсонтой холбоотойгоор дээрх хоёр чиглэлд аялахаа зогсоожээ. Иргэдийн тасалбарыг цуцалж, захиалгын төлбөрийг нь буцаасан гэнэ. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу суудлын галт тэрэг долоо хоногт хоёр удаа буюу баасан, бямба гарагт зорчдог байв. Тус сум нь Улаанбаатар хотоос 310 орчим км-ийн зайтай. Сүүлийн жилүүдэд иргэд хувийн автомашинаар хот хооронд зорчих нь нэмэгдэж, галт тэргээр үйлчлүүлэхээ бараг больсон байна. Галт тэргээр тус сум руу хүрэхэд бүтэн 12 цаг зорчдог бол автомашинаар 3-5 цагт хүрдэг аж. Мөн тасалбарын үнэ нэмэгдэж, унтлагын вагоны үнэ 42 900 төгрөгт хүрчээ. Улаанбаатар хотоос Бор-Өндөр лүү урьд нь орон нутгийн автобус үйлчилгээ үзүүлдэг байсныг зогсоосон. Харин энэ удаа галт тэрэг зорчихгүй болсноор хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ хувь иргэдийн “гарт шилжив”.
Сонирхуулахад, 1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ЗХУ-аас БНХАУ руу аялах төмөр замын шууд харилцааг нээснээр Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай-Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн зэрэг чиглэлийн салаа замыг барьж ашиглалтад оруулжээ.
Ч.Болор